Данийн нэрт хүүхдийн зохиолч Андерсений үлгэрүүдээр бүтээлийн уралдаан зарлаж дүгнэв

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-04-23 11:39:34
altantogos

Дундго /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-аас “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийн хүрээнд санхүүжигч байгууллагаа сурталчлан таниулах  зорилгоор “Оюуны зураглал зурах” уралдаан зарлан 29 хүүхэд бүтээлээ ирүүлсэн байна.

“Хариуцлагатай тогтвортой нийгэм” төслийг Дани улсын Данийн иргэний нийгмийн байгууллагуудын холбоо (CISU) санхүүжүүлдэг ба төсөл нь 9 аймгийн 11 сум, нийслэлийн 2 дүүрэгт хэрэгждэг ажээ.

Энэхүү уралдаан нь цар тахлын үед сургууль цэцэрлэг орохгүй байгаа тул бага насны хүүхдүүдийг үлгэрийн номтой нөхөрлүүлж, номонд дурлуулах, уншсанаа бүтээл болгож оюунаа хөгжүүлэхэд нь туслах зорилготой бөгөөд энэ удаагийн уншуулах сэдэв нь  Дани улсын нэрт хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений үлгэрүүд байсан юм.

Уралдааныг Хулд сумын дунд сургуулийн бага ангийн кабинет хамтран зохион байгуулж, 29 хүүхэд бүтээлээ ирүүлсэн ба тус сургуулийн Б.Өлзиймаа багштай 1А анги, Б.Эрдэнэчимэг багштай 2А анги,Ч.Алтантуяа багштай 2Б анги, Ч.Өлзийсайхан багштай 4А анги хамт олноороо идэвхтэй оролцсон байна.

“Оюуны зураглал зурах” уралдаанд  2Б ангийн сурагч М.Анужин тэргүүн байр эзэлж, 2А ангийн сурагч Э.Удвал, 1А ангийн сурагч Э.Хангарьд нар удаалсан аж.

Харин тусгай байрт 2Б ангийн Т.Сумьяабазар, 1А ангийн П.Болормаа, 1А ангийн Б.Мандуул  нар орж, Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болжээ. 

Холбоотой мэдээ