БНСУ “COVID-19”-ийн вакциныг энэ ондоо багтаан гарган авч магадгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-04-23 15:45:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ энэ оны эцэс гэхэд “COVID-19”-ийн вакциныг дотооддоо гарган авч магадгүй байна гэж тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамны сайд Чой Ки Ён мэдээлжээ.


БНСУ нь гадаадын олон эмийн компанитай гэрээ байгуулж, нийт хүн амаа дархлаажуулахад хүрэлцэхүйц вакцин худалдан авахаар тохиролцоод байгаа ч цар тахлын эсрэг тэмцэл ойрын хугацаанд дуусах төлөвгүй байгааг харгалзан дотооддоо вакцин гарган авахыг зорьж байгаа ажээ.


“Шинэ коронавирусний эсрэг вакциныг энэ ондоо багтаан гарган авах магадлал өндөр хэвээр байна” гэж Чой Ки Ён парламентын хуралдааны үеэр мэдэгджээ. Мөн вакциныг хөгжүүлэх ажилд дэмжлэг хэрэгтэй байгааг онцлон хэлсэн байна. 


Түүний мэдээлснээр, дотоодын эмийн компаниудад вакцин гарган авах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ оны эцсээр гуравдугаар үе шатны туршилтыг хийж, ирэх оны эхээр бэлэн болж магадгүй байгаа ажээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлсэн БНСУ-д лхагва гаргийн байдлаар хоёр сая орчим хүн эхний тунг хийлгэжээ. Тус улсад одоогоор “AstraZeneca”, “Pfizer”-ийн вакциныг хэрэглэж байгаа юм. 


Мөн БНСУ "Johnson & Johnson, Moderna”, Novavax” компанитай вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. 

Холбоотой мэдээ