Байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлийг аюулгүй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-04-26 16:16:42

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл илэрсэн гэх аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабын мэдээллийн дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангиас томилогдсон бие бүрэлдэхүүн Сүмбэр суманд ажиллажээ.

Зэвсэгт хүчний алба хаагчид байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14.5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхэгийг илрүүлж, аюулгүй болгосон байна.

Тус аймагт 1969 оноос Зөвлөлтийн цэргийн 41 дүгээр мотобуудлагын дивизийн ангийн салбар байрлаж байсан бөгөөд Сүмбэр сумынхны амьдарч буй олон барилга байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулсан түүхтэй.

Говьсүмбэр аймгийн төв хэсэгт байрлаж байсан дээрх ангийг Чойрын гарнизон хэмээн нэрлэж байжээ. Олон жил цэргийн анги байрлаж байсан учраас байлдааны сумны хэрэглэсэн хонгио, дарь, хуучирч хэрэггүй болсон зэвсгийн тал эд анги, төмөр ч заримдаа тааралдах нь бий гэж нутгийн иргэдийн төлөөлөл өгүүлэв.

Холбоотой мэдээ