Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх бага хурал Намибид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-27 12:14:34

ПАРИС. /TASS/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний асуудлаарх бага хурлыг дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд Бүгд Найрамдах Намиби Улсын нийслэл Виндхук хотод зохион байгуулахаар төлөвлөж байна гэж НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) мэдээлэв.


Намиби Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулах уг бага хурлын үеэр сэтгүүлчдийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээнд гол анхаарлаа хандуулна. Коронавирусний цар тахлын улмаас дэлхийн даяар хэвлэл мэдээллийн ажилтнууд, чөлөөт сэтгүүлчдийн гуравны хоёр нь ажлын байраа алдсан эсвэл цалин хөлс, орлого нь буурсныг бага хурлыг зохион байгуулагчид тэмдэглэжээ. “COVID-19” цар тахлын улмаас "сэтгүүлчдэд халдах явдал эрс нэмэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалдаг хэм хэмжээ суларч байна" гэж ЮНЕСКО цохон тэмдэглэсэн байна.


2020 онд хэвлэл мэдээллийн ажилтнуудын орлогын алдагдлыг 30 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. ЮНЕСКО-гийн мэдээлснээр, “дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хаагдах эсвэл нэгдэхийн хэрээр “мэдээллийн хоосон орон зай” улам тэлж байна".


Таван өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын үеэр 40 орчим хурал болох бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэсвэртэй байдал, цахим платформын ил тод байдал, мэдээллийн мэдлэгийг бэхжүүлэх арга замууд гэсэн гурван асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Бага хуралд оролцогчид мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одре Азуле, Намиби улсын Ерөнхийлөгч Хаге Гейнгоб болон Африкийн орнуудын Засгийн газрын төлөөлөгчдөд хандаж үг хэлнэ. 


Бага хурлын үеэр мөн эмэгтэй сэтгүүлчид цахим орчинд хүчирхийлэлд өртөж байгаа талаар дэлхийн хэмжээнд явуулсан судалгааны дүнг танилцуулна.


Түүнчлэн олон улсад хамгийн нэр хүндтэйд тооцогдох ЮНЕСКО-гийн Гильермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслол болно. 


Холбоотой мэдээ