УОК 90 тогтоол, тусгайлсан харилцааны 20 журам хэрэгжүүлж байна

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-04-30 14:30:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5.0 тэрбум төгрөгийн эмийн нөөц, 16 нэр төрлийн нийт 38.3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат (үүнээс зөөврийн 137) ашиглагдаж байгаагаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд зөөврийн 60 амьсгалын аппарат ашиглагдах боломжтой гэж УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Шадар сайд С. Амарсайхан онцолжээ.


Түүнчлэн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барьж 4 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хан-Уул дүүрэгт баригдсан, Эх хүүхдийн эрүүл мэндийн II төвийн хүчилтөрөгчийн үйлдвэрийг, мөн 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг  тавдугаар сард багтаан ашиглалтад оруулах татан авалтын ажлыг гүйцэтгэж байгаа юм байна.


Монгол Улсад 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар анх гарснаас хойш нийт 33.608 хүн халдвар авснаас зөөвөрлөгдсөн нь 457 буюу 1.3 хувийг, дотоодын кластер халдвар 33.151 буюу 98.7 хувийг эзэлжээ. Сэхээний нарийн мэргэжлийн 22 эмчилгээний багийг гарган, ажиллуулж байгаа аж. Эмчилгээ хийлгэж буй иргэдийн 56 хувь нь хөнгөн, 33.1 хувь нь хүндэвтэр, 8.6 хувь нь хүнд, 2.2 хувь нь нэн хүндээр өвчлөөд байна. Европын орнуудаас ирсэн 6 иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг геномийн шинжилгээгээр баталгаажуулах ажил хийгдэж байгаа ажээ.


Халдварын тархалтын өсөлтийг зогсоох, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар, УОК 90 гаруй тогтоол, шийдвэр, тусгайлсан харилцааг журамласан 20 гаруй журам, заавар гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм байна.


Манай улсад тархсан халдварт цар тахлын одоогийн нөхцөл байдал, цаашид үүсч болзошгүй эрсдэлийн талаар эрдэмтэн, судлаачид, эмч мэргэжилтнүүдийн хамтран гаргасан судалгаа, тооцоо, гадаад орнуудын туршлага дээр үндэслэн цаг үеийн төдийгүй цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Улсын онцгой комиссын хуралдаан, тус комиссын өдөр тутмын шуурхай хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг тухай бүр зохион байгуулан ажиллаж байгаа аж.     


Улсын хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 1.760. 640 вакцины тунг татан авч хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашдаа вакцины татан авалтыг үргэлжлүүлэн Улаанбаатар хотын нийт насанд хүрэгч буюу 1.080.000 иргэнийг тавдугаар сарын 8-ны өдрөөс өмнө I тунд бүрэн хамруулна. Улмаар II тунг 55 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Мөн иргэдийг дархлаажуулах ажлыг эхлэхээс өмнө 21 аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг вакцинжуулах ажил хийжээ.


Нийслэлд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 250 баг 120 суурин цэг, 40 явуулын цэгт ажиллаж, өдөрт дунджаар 60.000 хүнд вакцин хийхээр төлөвлөөд төлөвлөсөн хэмжээнд хүрсэн байна.


Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтоор мэргэжлийн байгууллагуудын хяналт дор зохион байгуулалттайгаар 6.787 иргэн, хилийн захиалгат 160 удаагийн нислэгээр “Буянт Ухаа” боомтоор 26.557 иргэн (2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн)-ийг тус тус татан авчээ. Гэхдээ УОК-ын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан хилийн чанадаас ирэх иргэдийг зориулалтын байранд 7 хоног тусгаарлах горим одоо хэрэгжиж байна. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн болон коронавируст халдвар авч эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ.


Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс нийт 8.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 41.2 тэрбум төгрөгийн бараа материалын хандив тусламж үзүүлжээ. Тухайлбал, Улсын онцгой комисст 3.9 тэрбум төгрөг, ЭМЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагад 2.3 тэрбум төгрөг, 34.7 тэрбум төгрөгийн бараа материалын хандив цугласнаас 215.3 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 5.8 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа аж. Аймаг, нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 2.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 1.4 тэрбум төгрөгийн бараа материалын хандив тусламж үзүүлснээс 333.5 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 757.4 сая төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа юм байна.


Хандив тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа, материалыг хүлээн авах, хуваарилах хяналт тавих үйл ажиллагааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын хүрээнд УОК-ын дарга болон Аймаг, нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан хуваарийн дагуу хэрэгжүүлж байгаа юм байна. УОК-т ирүүлсэн хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх тайлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын www.nema.gov.mn цахим хуудсаар тухай бүр мэдээлэх болжээ.


Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын  хүрээнд 10 төсөл, арга хэмжээнд 3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн Засгийн газар гадаад зээл тусламжаар төслийг дахин хуваарилалт, Цар тахлаас, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр зэрэг 5 (Экспортыг дэмжих, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөлнэмэлт төсөл, арга хэмжээнд нийт 53.7 сая ам.доллар зарцуулжээ. Засгийн газрын нөөц сангаас 2020 онд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 16.6 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Холбоотой мэдээ