Халдвар илэрсэн 1306 хүний 90 хувь нь ойрын хавьтал байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-01 11:24:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 13 553 хүнд шинжилгээ хийхэд, 1306 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтал байгааг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, нийслэлд 1187, орон нутагт 116 хүнээс халдвар илэрсэн байна. Мөн дээрх хугацаанд эмнэлгээс 1039 хүн эдгэрч гарсан бол халдварын улмаас таван хүн нас баржээ. Нас барсан иргэдийн хувьд, 71-85 настай гурван эмэгтэй, 78, 73  настай эрэгтэй байсан аж. Мөн коронавирусний шалтгаант бус нэг нас баралт бүртгэгдсэн байна.


Улсын хэмжээнд, нийт халдварын тоо 37 285 болж байгаагаас 20 681 хүн эдгэрээд байна. Мөн нас барсан хүний тоо 115 болжээ.


Халдварын улмаас 4825 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2656 нь хөнгөн, 1587 нь хүндэвтэр, 466 нь хүнд, 116 нь маш хүнд өвчилсөн байна. 


Улсын хэмжээнд, өчигдрийн байдлаар 845 693 хүн буюу зорилтот иргэдийн 40.9 хувийг вакцины эхний тунд хамруулжээ. Тэдгээрээс 362 926 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 70-75 мянган хүнд вакцин хийх нөхцөл бүрдсэн ч өдөрт дунджаар 50 мянган орчим хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. Иймд иргэдийг гэрийнхээ ойролцоох цэгт очиж дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллийн үеэр уриаллаа.

Холбоотой мэдээ