Х.Хишигбаатар: Аавдаа хайртай гэх үгийн илэрхийлэл ажлын фронтод хамт ажилласан маань байсан

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-05-02 17:45:27
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Би аавыгаа мартаагүй, хэзээ ч мартаж байгаагүй” гэснээр бид хоёрын ярилцлага эхэлсэн юм.  Х.Хишигбаатарын аав Ц.Хүрэлбаатар Эрдэнэтэд хүүхэлдэйн театрыг үүсгэн байгуулсан төдийгүй 1990-ээд оны үед ээж, аав, эх орондоо “хаягдсан” хүүхдүүдийг эцэг хүний хайр, энэрлээр халамжилж “Энэрэл” асрамжийн төвийг байгуулсан юм. Ингээд хуучнаар “Номин” телевиз, одоогийнхоор “NBTV телевизийн захирал Хүрэлбаатарын Хишигбаатарын ярилцлагыг хүргэе.


-Хүн их сонин шүү. “Хайртай” гэдэг үгийг хань ижилдээ л хайр найргүй хэлдэг хэрнээ аав, ээждээ за бүр аавдаа бол нэг их хэлээд байдаггүй. Би ч аавыгаа амьд сэрүүн байхад нь хэлж байгаагүй юм байна. Та хэлж байв уу?

-Би маш цөөхөн удаа хэлж байсан. Манай аав 50 насандаа өнгөрсөн. Тавь наслахдаа амьдралынхаа сүүлийн хорин жилийг хүүхэлдэйн театр байгуулах, асрамжийн “Энэрэл” төв, “Энэрэл” зусланг байгуулахад зориулсан. Нэг үгээр хэлбэл, энэ хүн бусдын төлөө өөрийнхөө амьдралыг золиосолсон. Яг үнэндээ бид аавтайгаа тоглож наадахаасаа илүүтэй хамтдаа энэ бүхнийг бүтээхийн төлөө явсан гэж хэлж болно. 1980-аад онд “Найрамдал-Бүжинхэн” театр байгуулж байхад бид тэндхийн дугуйланд хүүхэлдэйнүүдийг нь тоглуулаад л явдаг байсан. Театр шатахад, бид тэргээ үүрээд, лоомоо бариад л засварлаж  байсан. Дараа нь хүүхдийн “Энэрэл” төв байгуулаад, “Энэрэл” зусланг барихаар болоход тухайн үеийн хоригдлуудын мод хийдэг талбай тэр чигтээ холтсоор дүүрчихсэн байсныг бид эгнэж зогсож байгаад л шүүрдэж цэвэрлэсэн. Аавын эхлүүлсэн ажил болгонд би гар бие оролцож явсан учраас аавдаа хайртай гэх үгийн илэрхийлэл ажлын фронтод хамт ажилласан маань байсан.

-Таны аавыг хүүхдийн төлөө маш их зүйл хийсэн, хөдөлмөрч хүн байсан гэдгийг нэг үеийнхэн л мэдэж байгаа. Та аавыгаа эргэн дурсаж нэг яриач.

-Миний аавын хүүхэд нас “Од” кинотеатрын урд талын 2 давхар шар байшинд өнгөрсөн. Энэ барилга одоо ч гэсэн байгаа. 40 мянгатын “Гулууз Хүрэлээ” гэж хүүхэд байсан. Эхээс 11-үүлээ. Тухайн үед ээжийнх нь дүү манай аавыг өргөж авсан гэсэн. Учир нь аавыг маань гэрийхэн нь үл тоож хараа хяналт, хайр халамжаа бага тавьдаг байсан гэнэ лээ. Аав маань  зураг зурдаг, гарын эв дүй сайтай болохоор сургуулиа төгсөөд морин хуур урлаж эхэлсэн гэсэн. Арьсан цартай хуурыг Монголд модон цартай болгож нутагшуулсан дөрвөн их мастерийн нэг бол миний аав Ц.Хүрэлбаатар юм. Дараа нь цэрэгт явж ирээд, шаазан ваарын үйлдвэрт зураачаар ажиллаж байсан. Үүний дараа гэр бүлтэй болоод Эрдэнэтэд ирж, “Уурхайчин” соёлын ордонд гоозүйн секторын зураачаар ажилд орсон түүхтэй.


Зураг1/ Өөрийнх нь  урласан төгөлдөр хуурч, дуучин хүүхэлдэйн хамт. 1989 он/ 


- Эрдэнэтэд ирээд л Монгол Улсын хоёр дахь театрыг байгуулсан гэж сонсож байсан юм байна.

-Аав “Уурхайчин” соёлын ордонд ажиллаж байх үед хүүхэлдэйн театр байгуулах санаа төрж, Монгол Улсын хоёр дахь хүүхэлдэйн театр болох “Найрамдал-Бүжинхэн” театрыг байгуулсан. Төр засгаас “Ардын театр” цол, мандатыг олгож байсан юм билээ. Тухайн үеийн драмын театрт дөнгөж бүрэн засвар хийж дууссаны дараа, 1991 оны 12 дугаар сард их гал гарч, битүү дрожилчихсон байсан их танхим тэр чигтээ шатаад, даацын төмөр нь хүртэл уярчихсан, ямар ч ашиглах боломжгүй болсон гэдэг. Үүний дараа 1992 оны 3-р сарын 8-нд драмын театр болон “Уурхайчин” соёлын ордны хүүхэлдэйн театрыг нэгтгэсэн. Аав тэр үед драмын театрын шатсан барилга дээр очиж үзээд, “Бид драмынханд хүүхэлдэйн театраа өгье, харин өөрсдөө шатсан барилгыг босгож, хүүхэлдэйн театр байгуулъя” гэсэн саналаа өгсөн гэнэ лээ. Ингээд өөрийнхөө хөрөнгөөр тэр театрыг сэргээн засварлаж 1992 оны  9-р сарын 1 гэхэд дуусгаад нээлтээ хийж байсан түүхтэй. Аав хүүхэлдэйн театрынхаа хажууд орон байргүй ажилчдаа байрлуулах санал гаргаж, хэрэгжүүлж эхлэхэд анхны өнчин хүүхдүүд ирж байсан гэдэг. Тэдгээр хүүхдүүдийг театрынхаа хөрөнгөөр тэжээгээд л явдаг байсан. Сүүлдээ явсаар, ийм өнчин хүүхдийг хардаг газар байдаг гэсэн яриа өргөн тарж, тэнд амьдрах өнчин хүүхдийн тоо ч нэмэгджээ. 

Аав тэр үед драмын театрын шатсан барилга дээр очиж үзээд, “Бид драмынханд хүүхэлдэйн театраа өгье, харин өөрсдөө шатсан барилгыг босгож, хүүхэлдэйн театр байгуулъя” гэсэн саналаа өгсөн гэнэ лээ. Ингээд өөрийнхөө хөрөнгөөр тэр театрыг сэргээн засварлаж 1992 оны  9-р сарын 1 гэхэд дуусгаад нээлтээ хийж байсан түүхтэй.

Энэ үед аав Ш.Отгонбилэг /Эрдэнэт үйлдвэрийн захирал агсан/ захиралтай ярилцаж байгаад, хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийг  байгуулсан юм.  “Энэрэл” төвийг байгуулсны дараа аав театртаа үлдэх үү, “Энэрэл” төвөө сонгох уу гэсэн  сонголттой тулгарсан. Энэ үед хүүхдүүд нь бүгд өөр өөрийн ажил, амьдралаа эхлүүлчихсэн байсан болохоор одоогийн Хүүхэлдэйн театрын дарга Д.Бэхбилэгийг гуравдугаар курсын оюутан байхад нь төлбөрийг нь төлөөд, сургуулийг нь төгсгөж дарга болгочихоод, өөрөө “Энэрэл” төвдөө очсон байдаг юм.

-Аав тань өөрийнхөө туулсан бага насны “гадуурхал”-ыг бусдад мэдрүүлэхийг хүсээгүй учир олон хүүхдэд эцэг хүний хайр, халамжийг өгч “Энэрэл” асрамжийн төвийг байгуулсан байх. Өнөөдөр ямар олон хүүхэд тэнд халуун, дулаан байр, хоол, багш нарынхаа халамжинд өсөн торниж байнаа. Үүнийг дэмжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, танай аав гээд олон хүнд бид талархах ёстой байх.

- Баярлалаа. Аав өөрөө өнчин өрөөсөн өсөж, ийм байхын зовлонг мэддэг учраас түүний дотор асрамжийн газар байгуулъя гэсэн хүсэл, бодол байсан байх. Төвдөө байхдаа хүүхдүүдээ хайрлахдаа хайрлаж, ажилд сургах үедээ сургаж явах нь түүнд өөрт нь жаргалтай байсан байх. Би 1991 оноос хойш аавыг нас барах хүртэл 10 гаруй жил яг дэргэдээс нь холдолгүй хажууд нь байсан. Түүний хийсэн бүтээсэн бүхнийг дэргэдээс нь харж өссөн учраас аавын минь зориулсан тэр сэтгэлээр бүтээн байгуулалтууд нь улам л сайхан болоосой гэж хүсдэг.


Зураг2/ Шатсан хүүхэлдэйн театрыг засварлаж буй хамт олны хамт 1992 он/ 


-Таны жил болгон аавынхаа дурсгалд зориулж зохион байгуулдаг “Аавдаа би хайртай” сэдэвт өдөрлөг энэ жил гар зургийн уралдаанаар үргэлжилж байна. Та уралдаанд ирж буй бүтээлүүдээс аавыгаа хайрлах тэр сэтгэл, мэдрэмжийг хэр сайн мэдэрч, хүлээж авдаг вэ?

-Өнөөдрийн байдлаар “Аавдаа би хайртай” гар зургийн уралдаанд 150 гаруй бүтээл ирсэн байна. Энэ 150 хүүхэд зурсан зургаа аавдаа л өгнө шүү дээ. Хүүхэд нь өөрийг нь супер баатар болгоод зурчихсан, ааваа би танд хайртай гээд биччихсэн байхыг хараад аав хүн баярлана биз дээ. Энэ өдөрлөг их бага ямар нэг хэмжээгээр аз жаргалыг тэр айлд бэлэглэж байгаа гэж бодож байна. Үр дүн нь энэ. 

-Энэ өдөрлөг аавыгаа мартах учиргүй гэдгийг сануулаад байх шиг...

-Тийм ээ. Энэ ажил 2004 оноос эхтэй. Жил бүрийн 5-р сарын 6-ны өдрийг “Аавдаа би хайртай” сэдвийн дор уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ өдөр бол миний аав Ц.Хүрэлбаатарын төрсөн өдөр. Энэ өдөр  айл гэр, үр хүүхдүүд нь аавдаа хайраа илэрхийлэх, хайртай гэж хэлээсэй гэдэг үүднээс ийм ажил зохион байгуулдаг. Амьдрал дээр хүмүүс тэр бүр “Ааваа би танд хайртай” гэж хэлдэггүй. Ер нь ааваасаа их эмээдэг. Ээждээ хайртай гэж хэлдэг хэрнээ аавдаа бол бараг хэлдэггүй. Ялангуяа хөвгүүд огт хэлдэггүй. Яг энэ өдөр аавыгаа орой ажлаас нь ядраад ирэхэд өдөр бүр угтдагаасаа өөрөөр, “Ааваа би тандаа хайртай” гэж угтаасай гэж хүссэн. Зөвхөн энэ дөрвөн үг тэр аавын өдөржин ядарсан ядаргааг тэр чигт нь арилгана шүү дээ. 

Нөгөөтэйгүүр, Орхон аймаг байгуулагдаад 45 жил болж байна.  Энэ 45 жилийн хугацаанд Орхон аймгийн хүүхдийн төлөө хамгийн их зүйл хийсэн, хүүхдийн төлөө амьдралаа зориулсан хүмүүсийн нэг нь миний аав  Ц.Хүрэлбаатар. Энэ хүнтэй холбоотой дурсамж Эрдэнэтийн уугуул иргэдийн бүгдийнх нь дотор тодорхой хэмжээгээр байгаа. Тэр үеийн аавын байгуулсан “Найрамдал-Бүжинхэн” театртай холбоотой, Зөвлөлт- Монголын залуучуудын их наадам болж байхад Анна Вески, Валерий Леонтьев нартай хамтран бүжиглэж байсан “Бүжинхэн” хамтлагийн бүтээл гээд социализмын үеийн олон сайхан дурсамж энэ үеийнхэнд бий.  Үүнийг ч бас бид дурсах ёстой учир энэ жил цахим тоглолт  хийнэ.

- Аавыгаа мартахгүй, зүрх сэтгэлдээ үргэлж тээж явна гэдэг маш том буян гэж бодож байна. Танд сайн сайхныг хүсье. Ярилцсанд баярлалаа.


Зураг3/ "Найрамдлын Бүжинхэн" театрын дугуйлангийн хүүхдүүдийн хамт. 1986 он/

Зураг4/ "Энэрэл" асрамжийн төвийн анхны хүүхдүүд 1995 он/ 


 

 

Холбоотой мэдээ