Б.Одгэрэл: Хэлний бодлогын салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөгөө баталсан

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-05-03 15:52:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг угтан Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Одгэрэлтэй ярилцлаа.


-Баянхонгор аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Монгол  хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажиллах журмыг үндэслэн Баянхонгор аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2016 онд найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ жил тус салбар зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж байна.  Тус салбар зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдийн монгол хэл бичиг мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол бичиг” хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн “Хос бичигтэн аймаг” болох хөдөлгөөн өрнүүлэх зорилтыг тусган “Хос бичигтэн” аймгийн дэд хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэн ажилласан.


-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

-Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн Нийтийн номын сантай хамтран төрийн албан хаагчид, багш сурагчдын дунд сайхан бичгийн, уншлагын уралдаан, олимпиад, багш сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж сурталчлах зэрэг ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд цар тахал гарсантай холбоотойгоор уламжлалт ажлаа зохион байгуулж чадахгүй байгаа ч багш, сурагчдыг цахим орчинд үндэсний бичгээр бичих уриалга гарган ажиллаж байна.


-Баянхонгор аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна. Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна вэ?

-Манай аймгийн хувьд “Монгол бичиг” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд иргэд, төрийн албан хаагчдад  үндэсний  бичиг заах монгол хэл бичгийн болон бага ангийн багш нар, мөн ахмад багш нарын боловсон хүчний нөөц байна. Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар хэд хэдэн янзаар бичдэг байсан, мөн эргэлзээтэй бичдэг үгийг нэг мөр болгосон, мөн иргэд, сурагчдын толь бичиг хэрэглэх чадвар нэмэгдсэн зэрэг ач холбогдолтой.


-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-ЕБС-ийн сурагчдын дунд уул усны нэрийн домгийг мэдэж авах, цуглуулах ажлыг зохион байгуулж, сурагчдын цуглуулсан домгийг эмхэтгэн, “Уул усны нэрийн домог” товхимлыг хэвлүүлж, ЕБС-иудад хүргүүлсэн байгаа.


-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

- Тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.

Холбоотой мэдээ