Булган аймгийн тариаланчид уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-04 10:31:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчдын цахим зөвлөгөөнд оролцогчид уриалга гаргалаа. Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, хаврын тариалалтыг төлөвлөсөн хэмжээнд явуулах, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, үндсэн нэр төрлийн таримал болох үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн хангамж, нөөцийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулан, эрсдэлийг хамтдаа даван туулах талаар уриалсан байна.

Аймаг, сум, орон нутагтаа “Газар тариалангийн тогтвортой хөгжил” дэд  хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тариалалтыг технологит хугацаанд нь чанар сайтай хийх, энэ жилийн газар тариалангийн үйлдвэрлэлийг “Үржил шимтэй хөрсийг үр хойчдоо үлдээе” уриан дор  хөрсөө хамгаалах арга хэмжээг илүү түлхүү авч авахыг тариаланчдад зөвлөсөн байна.

Мөн энэ уриалгад газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи, ургамлын сэлгээ зэрэг зохистой хэмжээнд баримтлах талаар тусгажээ. Үр суулгах талбайнхаа 40-өөс доошгүй хувийг бордох, хөрсийг салхи, усны элэгдлээс хамгаалах зорилгоор 10-аас доошгүй га-д хамгаалалтын зурвас байгуулах, ашиглаж байгаа талбайн 10-аас доошгүй хувийг зурваслан тариалсан байх, таримлын зохистой сэлгээг бүрдүүлэх, тариалалтын 10-аас ихгүй хувьд тосны ургамал тариалахыг уриалаад байна.

Холбоотой мэдээ