Нэг сая ам.долларын тусламжийг Энэтхэгийн Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгнө

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-06 18:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас БНЭУ-д олгож буй нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг тус улсын Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгөх болсныг ГХЯ-наас өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, Энэтхэг улсад "КОВИД-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрч буй тул Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж, нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгох шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд гаргасан юм.


Түүнчлэн монголчууд Энэтхэгийн ард түмэнд туслах #TogetherForIndia аян өрнүүлж, 50 мянган ам.доллар цуглуулсан бөгөөд үүнийг Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын дэргэдэх хүмүүнлэгийн “PM Cares”  санд шилжүүлж байгаа аж.


Энэтхэг  улсын Гадаад хэргийн яам, Энэтхэгийн Улаан Загалмайн нийгэмлэгээс Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний тусламжид талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ