Монголын Үндэсний музей: Бичиг үсгийн дурсгалт хөшөөд

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-05-07 10:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейд буй бичиг үсгийн дурсгалт хөшөөдийг толилуулж байна.

 

1. Чойрын хүн чулуун хөшөө

VII-VIII зуунд холбогдох уг хөшөө нь Говьсүмбэр аймаг, Оцол сансар уулаас олджээ. Өндөр нь 83 см, 207 кг жинтэй.

Түрэгийн руни бичгийн дурсгал Хүн чулуун хөшөө нь 6 мөр 72 үсэгтэй ба янгирын дүрс бүхий 2 тамга болон өөр нэгэн тамганы дүрслэлтэй. Уг хөшөөнд Түрэгийн 682-691 оны үйл явдлыг өгүүлжээ.

 

2. Тариатын гэрэлт хөшөө

VIII-IX зуунд хамаарах энэхүү гэрэлт хөшөө Архангай аймгийн Тариат сумын нутаг Долоон модны амаас олдсон. Өндөр 2 м, өргөн 27-30 см, зузаан 20 см. Нийтдээ 30 мөр руни үсэгтэй ба тус хөшөөнд түрэгийн Торян гэгч тэнгэрт болгоогдон төр улсаа цогцлон байгуулсны бэлгэ тэмдэг болгон гэрэлт хөшөө босгож, эл дурсгалыг үйлдсэн ёс горим, Түрэг, Уйгур улсын алдар сүр мандсан Өтүкэн уулын дунд орших Сөнгуз түмний тахилгат нутаг ЫдукБашканы өвдөгт орд өргөөгөө босгосон тухай өгүүлжээ.

 

3. Бүлээний овооны гэрэлт хөшөө

XI зуунд холбогдох энэхүү гэрэлт хөшөө Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Бүлээний Овоо хэмээх газраас олджээ. Өндөр 182 см, өргөн 59 см, зузаан 38 см. Хятан бичгийн дурсгал болох уг гэрэлт хөшөөг эрдэмтэн О.Намнандорж 1960-1980-аад оны дунд үе хүртэл хээрийн шинжилгээний ажлаар явахдаа олж тодорхойлолт хийж судалгаанд анх оруулжээ.

 

4. Чингисийн чулууны бичээс /хуулбар эх/

XIII зуунд хамаарах уг чулууны бичээс ОХУ-ын Чита муж, Хархираа голоос олдсон.

Өндөр 202 см, өргөн 74 см, зузаан 22 см. Монгол бичгийн анхны дурсгал /одоогоор олдсон/ энэ хөшөөг 1224-1225 онд босгосон гэж үздэг. 5 мөр 21 үг бүхий монгол бичээсээс бүрдсэн энэ дурсгалд Хасарын хүү Есүнгэгийн 335 алд буюу 530 орчим метр зайд бай харваж оносон хосгүй мэргэн гавьяаг мөнхжүүлжээ.

 

5. Мөнх хааны гэрэлт хөшөө

XIII зуунд хамаарах энэхүү гэрэлт хөшөө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олджээ. Өндөр 144 см, өргөн 78 см, зузаан 20 см. Гурван мөр монгол, 12 мөр хятад бичээстэй энэхүү хөшөөг 1257 онд Мөнх хааныг сэрүүн ахуй цагт тавнан Бамту (Барс түгэ) гүнж Исижи (Исүгий) нар хааны өлмий бат оршихыг ерөөж босгожээ.

 

6. Хөгшин тээлийн бичээс

XIII зуунд холбогдох уг бичээс Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Хөгшин тээлийн балгасаас олдсон. Өндөр 91 см, өргөн 62 см, зузаан 18,5 см. Нийт 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй энэ хөшөөнд Хубилай хааны үед түүний цэргийн жанжин бөгөөд Юан-шуай, зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч сайд Цзямангутай байлдахаар гараад Иду ууланд хүрч тэндээ хот байгуулаад нэлээд хугацаа өнгөрсний дараа нэгэн өдөр цэргийн зөвлөгч сайд, туслагч түшмэд хуралдан цугларч харвалт шалгаруулж наадсаны дараа хотоо “Сүрийг бадруулагч цэргийн хот” хэмээн нэрлэсэн тухай тэмдэглэн үлдээсэн байна.

 

7. Хэсэг байшингийн гэрэлт хөшөө

XYII зуунд хамаарах уг гэрэлт хөшөө Дундговь аймгийн Их хэт сумын нутаг Хэсэг байшингаас олджээ. Өндөр 128.2 см, өргөн 66 см, зузаан 14 см. Гурван талдаа монгол бичээстэй энэ хөшөөг 1659 онд Лигдэн хааны хүчээр нэгтгэх гэсэн тэмцлээс дүрвэн Халхын дорнод Сэцэн хан аймагт нүүж ирсэн хэсэг өвөрлөгч авга, авга нар, хуучид, сөнөд, үзэмчин тавнан аймгууд оролцон босгосон гэж үздэг.






 

 

Холбоотой мэдээ