Ялалтын баярын парадын нэгдсэн бэлтгэл Улаан талбайд болно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-07 11:24:18

МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болно.  


Бэлтгэл Москвагийн цагаар өглөөний 10.00 цагт хүндэт харуулын жагсаалаар эхлэх бөгөөд 12 мянга гаруй цэрэг, 190 гаруй нэгж техник, 76 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно. Парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын хүчний ерөнхий командлагч, армийн генерал Олег Салюков удирдаж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээж авна.


Ялалтын баярын жагсаал уламжлал ёсоор В.М.Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн ротын жагсаалаар эхэлнэ. Улаан талбайгаар офицер, түрүүч, цэргүүд, цэргийн анги нэтгэлүүд, сонсогч, курсантууд, Суворов, Нахимовын сургуулийн сурагчид, бүх Оросын "Юнармия" хөдөлгөөний гишүүд, мөн ОХУ-ын Онцгой байдлын яам, Үндэсний гвард, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн нийтдээ 37 жагсаалын хайрцаг явж өнгөрнө. Энэ жил Цэргийн төв тойргийн цэргийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн парадын баг Улаан талбай дээгүүр анх удаа алхана.


Цэргийн жагсаал явж өнгөрсний дараа механикжсан цуваа явж өнгөрнө. Механикжсан цуваанд энэ жил 190 гаруй цэргийн болон тусгай техник хэрэгсэл жагсах юм байна.


Улаан талбайгаар хамгийн түрүүнд домогт Т-34 танк явах бөгөөд араас нь ОХУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд саяхан оруулсан "Тайфун” ангиллын орчин үеийн хуягт автомашинуудын цуваа явна. Анх удаа агаарын довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн "Тайфун” цогцолбор Улаан талбай дээгүүр өнгөрнө. Энэ жил T-72B3M, T-80BVM, T-90M, хамгийн сүүлийн үеийн T-14 "Армата" гэсэн хэд хэдэн төрлийн танкуудыг үзүүлнэ.


Ялалтын баярын жагсаалд бэлтгэх хүрээнд баасан гарагт Оросын төв талбай дээгүүр хоёр дахь удаагаа нисэх онгоцууд ниснэ. Энэ жилийн парадад нийт 76 нэгж нисэхийн техник хэрэгсэл /23 нисдэг тэрэг, 53 нисэх онгоц/ оролцоно.


Нэгдсэн бэлтгэлийг хийж буйтай холбоотойгоор Москва хотын хөдөлгөөнийг хязгаарлах аж.  Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал тавдугаар сарын 9-ний өглөө 10 цагт эхэлнэ.


Холбоотой мэдээ