Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө 21.5 хувиар нэмэгджээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-05-07 13:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 249 хадгаламж, зээлийн хоршоо ажиллаж, 75 мянга гаруй гишүүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлжээ. 

ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөж 278.9 тэрбум төгрөгт хүрэв. Үүнээс хадгаламжийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 1.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурч 2.4 хувь болжээ. 

Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсөж 192.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.64 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 40.166 байгаа бол зээлдэгчдийн тоо 38.353 байна.



Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. 

Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.




Холбоотой мэдээ