УОК-оос сэрэмжлүүлэг мэдэгдэл гаргав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-05-07 22:35:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг маргаашаас нэг түвшин бууруулж буйтай холбоотойгоор УОК-оос гаргасан сэрэмжлүүлэг мэдэгдлийг танилцууллаа.  


Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амын дунд халдвар тарснаас хойш 44 мянган хүн халдварт өртөж, 160 хүн амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Нөхцөл байдлын улмаас дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-ны 6.00 цаг хүртэл 26 хоногийн хугацаанд гамшгийн "улаан" түвшинд буюу хөл хорионы дэглэм тогтоосон. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор 15 мянга гаруй хүнийг халдварт өртөх эрсдэлээс сэргийлсэн байна. Гэвч ч нөхцөл байдал хүнд байна. 

Иймд Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  • Цар тахлын аюул хэвээр байгаа тул иргэн та шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх
  • Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх
  • Албан байгууллага, олон нийтийн газар, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
  • Олныг хамарсан уулзалт арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж, вакциндаа хамрагдах
  • Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүй байх
  • Гараа байнга ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутаг, хот хооронд иргэдийг зорчуулахгүй байх
  • Засаг захиргааны нэгждээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж халдварын тархалтыг зогсоох бүх талын арга хэмжээ авахыг үүрэг болгож байна
  • Суурь өвчтэй болон өндөр настай хүмүүст халдвар тарахаас цаг ямагт сэрэмжлэх
  • Иргэд та бүхэн УОК-оос гаргасан энэ сэрэмжлүүлгийг мөрдөж, өөрийн болон дотны хүмүүс, нийт монголчуудынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө халдвар хамгааллын дэглэмийг сахихыг онцгой анхааруулж байна" гэв.
Холбоотой мэдээ