Улсын хэмжээнд 1,6 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-10 11:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 38 мянга 599 хүн коронавирусний дархлаажуулалтад хамрагджээ.


Ингэснээр улсын хэмжээнд 1 сая 590 мянга 636 хүн нэгдүгээр тунг, 622 мянга 740 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 894 785 хүн нэгдүгээр тунд хамрагдсан байна. Энэ нь нийслэлийнхний 90 гаруй хувийг эзэлж байгаа юм. Үүнээс 476 мянга нь хоёрдугаар тунг хийлгэжээ.


Харин орон нутагт 695 мянга 851 хүн нэг, 146 мянга 444 хүн хоёрдугаар тунг хийлгэжээ.


Ташрамд дурдахад, 2021 оны 2 дугаар сард Монгол Улс “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлсэн билээ. Монгол Улсад 18-аас дээш насны 2 сая 60 мянган иргэнийг коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж буй юм. Одоогоор зорилтот бүлэг болох 56 мянган эрүүл мэндийн ажилтны 99 хувь нь эхний тунгаа тариулж, 71 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байна. Мөн халдварын эрсдэл өндөр настнуудыг дархлаажуулж, 50-иас дээш насны 558 мянган хүний 35 хувь нь эхний тунгаа, 7.2 хувь нь хоёр дахь тунгаа тариулаад байна. 

Холбоотой мэдээ