“Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-10 12:55:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ “Шинэ багш” хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр батлаад байна. Багш нарыг хүүхэд төвтөй суралцахуйг дэмжсэн арга зүйн чадамжтай, тасралтгүй хөгжих хандлагатай, мэргэжлийн ур чадвар, мэдээлэл технологи, багаар ажиллах өндөр чадвартай багш нарыг хөгжүүлэхэд “Шинэ багш” хөтөлбөрийн зорилго чиглэх юм. Багш нарын мэргэжлийн чадамж, стандартад суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжих удирдлагын менежментийн чадавхыг бэхжүүлэх, сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээнд суурилан багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг мэргэжлийн ур чадвар, хандлагын судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх, багшийн ажлын нөхцөл, тасралтгүй хөгжил, багш, ажилтны урамшуулал, нийгмийн баталгаа, сургалтын орчин, нөхцөлийг дэмжих, боловсролын салбарын цахим шилжилтийг нэмэгдүүлж, цахим платформыг хөгжүүлэх замаар сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилт дэвшүүлээд байна.

Тус аймагт 2020 оны байдлаар багшийн чадамж, багшлахуй, суралцахуй болон сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчдын ахиц амжилтад хийсэн судалгааны үр дүнгээс харахад, багш нарын мэргэжлийн онолын мэдлэгийн түвшин 66 хувьтай, ЭЕШ-ын хэмжээст онооны дундаж 481, чанарын үнэлгээний судалгааны дундаж гүйцэтгэл бага боловсролд 45.0, суурь боловсролд 36.5, бүрэн дунд боловсролд 26.0 хувьтай байсан бол багш нарын арга зүй, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн тоон болон чанарын үзүүлэлтээр сайжруулах шаардлагатай гэж тус тус үнэлэгдсэн байна.  

Шинэ төгсөгч багш нараас мэргэжлийн ур чадварыг үнэлэх зорилгоор Батламжшалгалт авдаг бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд тус шалгалтад нийт 104 шинэ төгсөгч шалгуулснаас дундаж гүйцэтгэл 55.0 хувьтай байгаа нь тэдний мэдлэг, хандлага, ур чадвар хангалтгүй байна гэж дүгнэж болохоор байна гэж аймгийн Боловсрол соёл урлагийн газар үзэж байна.

Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 22 байгууллагын 254 багш, 40 удирдах ажилтан, ерөнхий боловсролын 22 сургуульд 11124 суралцагч, 641 багш, 56 удирдах ажилтан ажиллаж байна.  Сургалт, үйл ажиллагааны чанар, суралцагчдын сурлагын амжилт, хүмүүжил, төлөвшилд бодитой ахиц гаргахад багш голлох үүрэгтэй учраас “Шинэ багш” хөтөлбөр хэрэгжүүлж, багш мэргэжлийн чадамж, стандартад суурилсан багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоо бий болж багшийн онол, арга зүйн мэдлэг чадвар суурь түвшнээс ахиулах, цахим орчинд багшлахуй, суралцахуйг дэмжсэн платформ, цахим хичээл, цахим хэрэглэгдэхүүн бүхий сургалтын орчин бий болгох, багшийн ажлын гүйцэтгэл, суралцагчдын сурлагын ахиц, амжилт, үр дүнд суурилсан сургуулийн менежемент, хөтөлбөртэй болох, багш, сурагчийн хөгжлийг дэмжсэн сургалт, хүмүүжил, нийгмийн эерэг  орчин бүрдсэн байх үр дүнд хүрэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ