Ажлын байрыг дэмжих хоёр тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр 34 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-10 13:51:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 100 хоногт ажлын байрыг хадгалах гурван хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр 34 хувийн биелэлттэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа. 


Оны эхээр Монгол Улсын эдийн засаг 6 хувиар агшиж ДНБ-ний хэмжээ 12 хувиар доошилжээ. Энэ нөхцөл байдлаас үүдэж төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон байна. Тиймээс энэ мөнгийг зах зээлд эргэлтэд оруулснаар эдийн засаг хуучин үе рүү орохоор байсныг Ерөнхий сайд мэдээллийн эхэнд тодотгов. Тухайн үед Засгийн газарт мөнгө байгаагүй тул арилжааны банканд гацсан эх үүсвэрийг хэрхэн дэмжиж эдийн засгийн эргэлтэд оруулах талаар судалсан байна. Ингэхдээ, эдийн засгийн хамгийн их цохилтод өртсөн аялал жуулчлал, барилга, уул уурхайн салбарынхантай уулзахад, банкны зээлийн хүү 17-18 хувьтай байгаа нь дарамт болж байгааг учирласныг тэмдэглэв. Тиймээс банкны төлөөлөлтэй уулзаж, хоёр их наяд төгрөгийн эх үүсвэр дээр Засгийн газраас зургаан хувийн хүүг төлөх шийдвэр гаргасныг онцоллоо. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Ажлын байрыг хадгалах зээлийн хөтөлбөрт өнөөдрийн байдлаар, 8373 иргэн, 1523 аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд хоёр их наяд төгрөгөөр тооцвол 34 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнийг чамлахааргүй амжилт гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.


Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар, энэ зээлийн эх үүсвэрийг нэг их наядаар нэмэх санал оруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөр гурван их наядын хөтөлбөр болж байгаа" хэмээв. 


Дээрх зээлийг олгох шалгуурт Засгийн газар оролцохгүй, арилжааны банкны шугамаар явагдаж байгаа тул хамаарал бүхий этгээддээ олгож байгаа гэх хардлага үүсэхгүй гэдгийг тодотгов. Тиймээс Засгийн газраас тухайн зээлд аудит хийлгэж, хүүгийн дэмжлэг олгох ажлаа үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байна. 


Мөн Монголбанкны репо санхүүжилт буюу дахин санхүүжих хөтөлбөрийн хүрээнд, 341.8 тэрбум төгрөгийг 605 иргэн, 1214 аж ахуйн нэгжид олгоод байна. 


Барилгын салбар зогссон энэ үед нэгэн чухал зүйл нь ипотекийн зээлийг үргэлжлүүлсэн явдал байсныг Ерөнхий сайд онцлов. Уг зээлийн хүрээнд 234.9 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаагаас, Улаанбаатар хотод 2242 иргэн, орон нутагт 997 зээлдэгч хамрагдсан байна. Энэ хөтөлбөр 12 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. 


Дээрх хөтөлбөрийн хүрээнд зах зээл рүү мөнгө оруулснаар 43 мянган ажлын байр хадгалагдсан статистик мэдээ гарчээ. Мөн 2021 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сэргэж, ДНБ-ний эзлэх хувь тэлэхээр тооцоо гарсан байна. Гэхдээ энэ бол гурван жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын хөтөлбөрийн эхний хэсэг бөгөөд үр дүн гарч байгааг онцлон тэмдэглэв. 


Дархлаажуулах ажлаа долоодугаар сарын 1-нээр дуусгаснаар, хөдөө аж ахуй, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих зэргээр дараагийн багц хөтөлбөрийг гаргахаар төлөвлөөд байгааг дуулгаж, 10 их наядын хөтөлбөр урт хугацаандаа үр дүн өгнө гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа тодотголоо. Тэрбээр, "Гэхдээ энэ хөтөлбөр нь жингүйдэж унаж буй эдийн засгийг зөөлөн газардуулах зорилт юм. Түүнээс биш эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэхгүй. Аль болох ажил олгогчдоо дэмжиж, ажилгүй иргэдийн тоог хязгаарлах арга хэмжээ авсан. Ингэхгүй бол 80 мянга, цаашлаад 250 мянган ажлын байрыг алдах нөхцөл үүссэн байсныг Сангийн яам, Монголбанк, ҮСХ-ноос туханй үед танилцуулж байсан" хэмээлээ.

Холбоотой мэдээ