Египетэд “Sinovac”-ийн вакциныг үйлдвэрлэнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-05-10 15:41:19

КАИР. /Xinhua/. Египетэд Хятадын “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакциныг ирэх зургаадугаар сараас үйлдвэрлэж эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Хала Зайед ням гарагт мэдэгджээ.


“Эхний хоёр сая тун вакциныг зургаадугаар сард “VACSERA” биологийн бүтээгдэхүүн, вакцин үйлдвэрлэгч компанид үйлдвэрлэнэ” гэж Х.Зайед Каир хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


Тэрбээр, “Бид вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай материалуудын эхний нийлүүлэлтийг тавдугаар сарын 18-нд хүлээн авах бөгөөд эхний жилдээ 40 сая тун вакцин үйлдвэрлэнэ” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.


Sinovac”, “VACSERA” дөрөвдүгээр сард хоёр гэрээ байгуулжээ. Египетэд үйлдвэрлэх вакциныг “Sinovac-Vacsera” гэж нэрлэнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд мөн мэдээлсэн байна.


Египет нэгдүгээр сарын сүүлээс эхлэн улсын эмнэлгийн ажилтнуудаа Хятадын өөр нэгэн компани болох “Sinopharm”-д үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн вакцинаар дархлаажуулж эхэлжээ. Энэ нь Египетэд зөвшөөрөл олгосон анхны вакцин юм.


Арабын хамгийн олон хүн амтай тус улс гуравдугаар сарын эхнээс өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсээ вакцинжуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Египетэд 236 272 хүн халдвар авснаас 176 363 хүн эдгэрч, 13845 өвчтөн нас баржээ. 

Холбоотой мэдээ