“Өгийн эко шим” нөхөрлөл хаврын ажлаа эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-12 10:30:59

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын “Өгийн эко шим” нөхөрлөл хаврын ажлаа эхлүүлжээ. Талбайн менежер, ахлагч, харуул, ажилтнууд 26-уулаа ойжуулалт, мод үржүүлгийг жил бүр 4-р сарын 1-нээс 10-р сарын 1-ний хооронд хийдэг. 

Эднийх 2019-2021 онд Цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилготой бий болгосон сумын “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс өгсөн 75 мянган мод, 30 мянган чацарганы суулгацыг гурван жилийн хугацаатай тарьж, ургуулах төслийг хэрэгжүүлж байгаа. 

“Жилд 10000 чацарганы суулгац тарьж, үрээр хайлаас, улиас зэрэг мод болон төрөл бүрийн нарийн ногоог тарьж байна. Өнгөрсөн хоёр жилд 35 га-д 30000 чацаргана, 22000 улиас, 30000 хайлаас тарьж, амжилттай ургуулж байгаа” гэж талбайн менежер Б.Тайван ярилаа. Энэ жил тэд чацаргана 10000, лууван, байцаа, сонгино, саримс, өргөст хэмх, чинжүү, тарвас, манжин зэргийг 2-3 га талбайд тарихаар бэлтгэж байгаа аж. 

Нөхөрлөлийнхөн өнгөрсөн жил 1,5 тонн орчим нарийн ногоо тариалж, зах зээлд борлуулжээ. Мөн өргөст хэмх, улаан лооль, байцаа зэргийг даршилж, өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болсон байна. Түүгээрээ сум, аймгийн үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцож, чамлахааргүй амжилтыг үзүүлжээ. 

Ажилч залуус хагас жилийн турш нар, салхийг хайхралгүй өглөөнөөс орой болтол талбайдаа ажиллаж, модоо тарих, услах, зарим нь нарийн ногоогоо тарих, үрсэлгээ хийх зэргээр хичээнгүйлэн ажилладаг. 

Тэд 2015 оноос 50 га хоёр хэсэг талбайд 50 мянган мод тарьж эхэлжээ. Голчлон улиас, хайлаас, чацаргана тарьж, мөн долоон хүлэмж болон гадаа талбайд нарийн ногоо, мод үржүүлэг, бордоо бэлтгэн тариалдаг байна. Мөн 10 мянган мод тарих боломжтой мод үржүүлгийн талбайтай. 

Хэрэгжүүлж байгаа төсөл нь 2021 онд дуусах учраас тэд ийнхүү “Өгийн эко шим” нөхөрлөлийг 2020 онд байгуулж, энэ ажлаа тогтвортойгоор үргэлжүүлэх эрмэлзэл дүүрэн байна.

Чацарганы хоёр настай суулгацыг тариалж, гурав дахь намраасаа ургац аваад 4, 5 дахь жилдээ жимсний гарц жигдэрдэг гэнэ. Тэдний чацарганы мод энэ жилээс жимсээ өгөхөөр байгаа ажээ.

Өгийнуур суманд “Ногоон Ази” ТББ 2015 оноос суманд цөлжилт шар шороон шуурганы эсрэг тал хээрийн жишиг загвар бүхий ойжуулалтын талбайг БНСУ-ын Самсунг компани болон “Хайрын үр жимс” нийгэмлэгтэй хамтран “Иргэдийн төгөл”-ийг байгуулсан. Уг төслийн хүрээнд нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор жимсний мод, хүнсний ногоо тариалж, өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тэрчлэн нутгийн иргэдэд 2015 онд ундны усны худаг, 2016 онд усны машин, соёлын төвийн засвар, цэцэрлэгийн засвар зэрэг нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлуудыг хийсэн байна. 


Холбоотой мэдээ