О.Дашпагма: Амь насанд аюултай байх урвал вакцинаас хойших 30 минутад илэрдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-12 12:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нярай хүүхэдтэй эмэгтэй вакцины нэгдүгээр тунгаа хийлгээд гэртээ очоод нас барсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр, богино хугацаанд илрэх урвал буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойших 30 минутын хугацаанд илэрдэг тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма  мэдээллээ.


Тэрбээр, "Вакцины дараа илэрч буй урвалыг богино хугацаанд болоод ерөнхий биеийн, хэсэг газрын урвал гэж ангилдаг. Богино хугацаанд анафлаксын буюу амь насанд аюултай байх урвал вакцин хийлгэснээс хойш 30 минутын хугацаанд илэрдэг. Тиймээс коронавирусний эсрэг вакцин хийснээс хойш иргэдийг эмч 30 минут хянаж гэр рүү нь явуулж байгаа. Аливаа вакцин хийсний дараа эмчийн хяналтад 30 минут байдаг нь нас баралтад хүргэдэг урвал эхний 30 минутад илэрдэгтэй холбоотой. Тиймээс эхний 30 минутад илрэх урвалаас л бид болгоомжлох хэрэгтэй" гэсэн юм.

 

Түүнчлэн хүн амыг өргөнөөр дархлаажуулж буй вакцин "Бээжин болон Ухань хотод үйлдвэрлэсэн, ялгаатай" гэсэн иргэдийн дунд гарч буй мэдээлэлд тус хэвлэлийн хурлын үеэр тайлбар өгсөн юм. Монгол Улсын хэрэглэж байгаа “Вероселл” вакциныг Бээжингийн биологийн институтэд бүтээсэн, “Сенофарм” үйлдвэрт үйлдвэрлэсэн. Вакцины хувьд савлалт нь ялгаатай, нэг нь тариуртай хэлбэрээр, нөгөөх нь фалконд нэг тунгаар савласан. Манай улс фалконд савласан, нэг тунтай вакциныг хүлээн авч иргэдээ дархлаажуулж байгаа аж.


Ер нь, вакцин бүрд өөр өөрийн гэсэн илрэх хариу урвал, шинж тэмдгүүдийг заасан байдаг. Тухайлбал, “Астразенека” болон “Вероселл” вакцин тариулсан хүмүүсийн хэдэн хувьд шинж тэмдэг илэрч байгааг тандсан байна. Ингэхэд “Вероселл” вакцин хийлгэсэн хүмүүсийн 10-20 хувьд халуурах, толгой өвдөх зовуурь илэрчээ. Харин “Астразенека-гийн вакцин хийлгэсний дараа нийт тариулсан хүмүүсийн 50-60 хувьд эдгээр шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр шинж 1-2 хоногийн дараа өөрөө аяндаа арилах бөгөөд ихэнх вакцины урвал богино хугацаанд буюу 30 минутын дотор илэрч байгаа аж.

 


Холбоотой мэдээ