“Qantas” зорчигчдодоо “супер сар”-ыг үзүүлнэ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-05-12 15:55:13

СИДНЕЙ. /TASS/. Австралийн агаарын тээврийн “Qantas” компани энэ оны сүүлчийн "супер сар"-ыг харж болох тусгай нислэгийнхээ тийзийг худалдаж эхэлснээ мэдэгджээ.


“Qantas” зорчигчдодоо 13 мянган метрийн өндрөөс "супер сар"-ыг харах боломж олгохын тулд "Boeing B787 Dreamliner" онгоцоор тавдугаар сарын 26-ны өдөр “сарны тусгай нислэг” үйлдэнэ. 2021 оны хоёр дахь бөгөөд сүүлчийн "супер сар" бүтэн хиртэлттэй давхцаж байгаа тул байгалийн энэ үзэгдлийг маш ховор болгож буй юм” гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


“Qantas”-ийн зорчигчид болон багийн гишүүдтэй хамт Австралийн шинжлэх ухаан, хэрэглээний судалгааны CSIRO нийгэмлэгийн одон орон судлаачид нисэх бөгөөд тэд нисэгчдэд "супер сар"-ыг ажиглахад хамгийн тохиромжтой чиглэл, өндрийг тохируулахад нь тусалж, дараа нь зорчигчдод "шөнийн тэнгэрт хийх аяллыг" тайлбарлах аж.


“Сарны нислэгийг” Сидней хотын Кингсфорд Смитийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас үйлдэнэ. Нислэг ойролцоогоор гурван цаг үргэлжлэх бөгөөд ихэнх хэсэг нь 13 мянга орчим метрийн өндөрт өнгөрөх аж. Тасалбарын үнэ 499 - 1500 австрали долларын (390-1155 ам.доллар) хооронд байх аж.


Сар дэлхийд хамгийн ойртож илүү том, тод ажиглагдахыг “Супер сар” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ үед манай гаргийн дагуул 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтдэг байна.


Энэ өдөр сар дэлхийд хамгийн ойр буюу 362 мянган км-ийн зайд ойртох аж.


Холбоотой мэдээ