Зорилтот бүлгийн 460 өрхийг тогтвортой амьжиргаанд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-13 12:10:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Дэлхийн 100 гаруй улс оронд хэрэгжиж буй төгсөлтийн аргачлал төслийг Сэлэнгэ аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг 2018 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол, Сайхан, Жавхлант, Ерөө, Хүдэр, Орхон, Сант, Шаамар сум, Бугант, Дулаанхаан тосгон хамрагджээ.

Төсөлд дээрх сумдын өрхийн орлого бага, зорилтот бүлгийн нийт 460 өрх хамрагдаж байгаа аж. Төслийн гол зорилго нь “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах"-д чиглэжээ. Төслийн хүрээнд өрхийн гишүүдийг чадавхжуулах, хандлага сэтгэлгээг өөрчлөх төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд тогтмол хамруулж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээр өрхийн жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, тогтвортой амьжиргаанд хүрэх юм. Одоогийн байдлаар 230 өрх тус бүрт өрхийн үйлдвэрлэлээ эрхлэхэд зориулан 1.500.000-1.800.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийг ДЗОУБ-ын Сэлэнгэ нэгдсэн хөтөлбөрийн зүгээс хүлээлгэн өгчээ.

2018 онд төсөлд хамрагдсан Мандал сумын 88 өрх нь төгсөлтийн шалгуурын дагуу 24 сарын хугацаанд ядуурлаас гарч, өрхийн үйлдвэрлэлээ эрхлэн өрхийн орлогоо 50 хувь буюу түүнээс дээш хувиар нэмэгдүүлсэн байна. Уг төслийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажээ.  

 

 

Холбоотой мэдээ