“Uber”, “Lyft” вакцинжуулалтын цэг рүү үнэгүй унаагаар үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-13 14:02:08

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “COVID-19”-ийн вакцин хийлгэх нөхцөлийг хялбаршуулах шинэ арга замыг лхагва гарагт танилцуулжээ.


Энэ нь унаа дуудлагын үйлчилгээний “Uber”, “Lyft” компаниуд иргэдийг тавдугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 4-ны хооронд вакцинжуулалтын цэгүүд рүү үнэгүй хүргэж өгөх ажээ.


Ингэснээр долоодугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг нэг тун вакцинаар дархлаажуулахыг зорьж буй АНУ-ын засаг захиргаанд дэмжлэг болох юм.


Цагаан ордон унаа дуудлагын компаниудад вакцинжуулалтын 80 мянга орчим цэгийн байршлын мэдээллийг өгсөн бөгөөд тус хоёр компани гар утасны хавсралтаараа дамжуулан үнэгүй үйлчилгээгээ сурталчлах гэнэ.


АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдээлснээр, “Uber”, “Lyft” хүмүүсийг үнэ төлбөргүйгээр клиникүүдэд хүргэсний дараа гарч иртэл нь хүлээгээд буцаан хүргэж өгнө.


“Ирэх долоо хоног гэхэд насанд хүрсэн иргэдийн 60 хувь нь вакцины эхний тунд хамрагдах төлөвтэй байна. Энэхүү үзүүлэлтийг 70 хувьд хүргэхэд гүйцэтгэх шаардлагатай олон ажил бий хэдий ч хүрч чадна гэдэгт миний бие итгэж байна” гэж Ж.Байден мэдэгджээ. 

Холбоотой мэдээ