Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-14 10:30:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлж байна.


Тус дугаарт энэ сарын 6-13-ны хооронд иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувьд нь амжилттай үйлчилжээ.


Иргэдээс 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.  


-Вакцинд хамрагдсан иргэд хөдөө, орон нутагт зорчиход PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?

-Зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах юм.


-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг явахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний 72 цагийн хугацаатай хариутайгаар зорчино. Шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан зорчигчийн хамт зорчиж байгаа өөрийн гэр бүлийн хүүхэд /15 нас хүртэлх/-ээс шинжилгээний хариу шаардахгүй.


-Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу?

-Шаардлагатай. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй болон уг халдвараар өвчилсөн иргэд I, II тунгийн вакциндаа хамрагдах хэрэгтэй.


-тунгаа хийлгээд өвчилсөн тохиолдолд хэдий хугацааны дараа вакцин хийлгэх вэ?

-Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнийг батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа II тунгийн вакцинаар дархлаажуулна. I, II тунгаа хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийхгүй.


-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодорхой шалтгааны улмаас дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн судалгааг Улсын Нэг, Хоёр Гуравдугаар төв эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд хамтран ажиллаж байна.


-Эрүүл мэндийн шалтгаантай иргэд  дархлаажуулалтад хаана хамрагдах боломжтой вэ?

-Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргийн иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн иргэд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт, Баянгол, Сонгинохайрхан, Багахангай дүүргийн иргэд Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, 9.00-19.00 цагийн хооронд дархлаажуулалтдаа хамрагдах юм.


-"Спутник V" вакцинд ямар бүлгийн иргэд хамрагдаж байгаа вэ?

-"Спутник V" вакцин нь 60 хүртэлх насныханд 91.6, 60-аас дээш насныханд 91.8 хувийн үр дүн үзүүлж байгаа. Иймээс 65-аас дээш насны 20.000 иргэнийг эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн төвөөс холбогдож, I тунд хамруулж байгаа. Тавдугаар сарын 21-нээс II тунг хийж эхэлнэ.

 

Холбоотой мэдээ