"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан”-ыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-19 13:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ, Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан хамтран "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ.


Энэхүү шалгаруулалт нь Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх, алдаршуулах зорилготой аж. 


"Дэлхийн шилдэг багш" шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, чадварлаг боловсон хүчнүүдэд багшийн мэргэжил эзэмших урам зориг өгөхийг эрхэмлэдэг. Дэлхий дахинаа шалгарсан шилдэг багшийг 1 сая ам.доллароор, мөн үе тэнгийнхэн дундаа сурлагаар тэргүүлсэн, цаашлаад нийгэмдээ бодит үр нөлөө үзүүлсэн онцгой шилдэг оюутныг 50,000 ам.доллароор тус тус шагнадаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт юм.


“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтыг Английн “Варки” сан 7 жилийн турш зохион байгуулж байна. Жилээс жилд оролцогч орон, багшийн тоо нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 140 орны 12,000 гаруй багш шалгаруулалтад оролцжээ.

"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтын нэгдүгээр шатанд шилдэг 50 багш, 50 оюутан, хоёрдугаар шатанд шилдэг 10 багш, 10 оюутныг шалгаруулж эцэст нь "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” тодорно. Үндэсний шилдэг 10 багш, 10 оюутан дэлхийн шалгаруулалтад өрсөлдөх юм.

Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа, долоо хоногт 19-өөс багагүй цаг хичээл заадаг багш хамрагдах боломжтой. Харин шилдэг оюутны шалгаруулалтад 16-аас дээш насны их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан хамрагдах юм. Мөн дээд боловсролын эчнээ болон зайн /онлайн/ сургалтын оюутнууд хамрагдаж болно.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн багш, оюутнууд www.teacherprize.mn сайтаар зочилж, "Өргөдөл" хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.

 

 

Холбоотой мэдээ