Хүүхдийг ивээх сангаас хүмүүнлэгийн тусламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-24 16:38:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хүүхдийг ивээх сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтайгаар ахлуулсан төслийн баг Дундговь аймагт ажиллаж, “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд санамж бичиг байгуулж, төслийн эхний тусламжийг гардуулан өглөө.

“Хүүхдийг ивээх сан” хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хүрээнд шороон шуурганд өртсөн малчдыг дэмжих, байгалийн гамшгийн хор хохирлыг арилгахад туслах, дээрх малчдын хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилгоор “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийг Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд тус аймгийн Сайнцагаан, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Адаацаг сумын 14 өрхөд иж бүрэн гэр, 210 айлд эрүүл ахуйн багц, 100 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байна.

“Шороон шуурганд өртсөн өрхүүдэд тусламж үзүүлэх” энэхүү төслийг Олон улсын Хүүхдийг ивээх сангийн “SEED” хүмүүнлэгийн сангаас санхүүжүүлж байгаа ба энэ оны дөрөвдүгээр сарын 10-аас долоодугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх ажээ.

Төслийн зорилтот бүлгийг сонгохдоо 200-аас доош толгой малтай, шуурганд гэр нь бүрэн эвдэрсэн, шуурганд мал болон бусад эд зүйлсийн хохирол амссан байдал болон эмзэг бүлгийн нэмэлт үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.

Санамж бичиг байгуулах үеэр Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “Дундговь аймагт тохиолдсон байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд маань тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа Хүүхдийг ивээх сангийн хамт олонд нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Цаашдаа хүүхэд багачуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлуудыг хамтран хэрэгжүүлэх, бусад сумын иргэдэд ч тусламж дэмжлэг үзүүлэх талаар бид хамтран ажиллахаар ярьж байгаа. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Амар амгалан, сайн сайхан цаг удахгүй ирнэ” гээд Хүүхдийг ивээх сангийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Харин Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай энэ үеэр хэлсэн үгэндээ “Энэ хаврын шуурганд 10-аад аймаг өртсөн бөгөөд эдгээрээс таван аймгийг сонгож, хүмүүнлэгийн энэхүү үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Байгалийн энэ гамшигт хамгийн ихээр өртөж, хамгийн их хохирол амссан аймаг бол Дундговь юм. Тиймээс манай байгууллага гуравдугаар сараас хойш судалгаа хийж, хамтран ажилласны үр дүнд тус аймгийн 300 орчим өрхөд сэтгэл санааны болоод эд материалын тусламж үзүүлэх гэж байна.

Хүүхдийг ивээх сан бол дэлхийн 100 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлээд 20-оод жил болж байна. 7 аймагт салбартай. Хэдийгээр Дундговь аймагт өнөөдөр манай салбар  байхгүй ч гэсэн цаашид эрүүл мэнд, боловсролын чиглэлд  олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх байх гэж найдаж байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан тусламжийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.

Бидний энэ сэтгэлийн дэмжлэг 300-аад өрхийн амьжиргааг дээшлүүлж, гамшгийн эрсдлийг бууруулахад багахан ч гэсэн дэмжлэг болно гэдэгт итгэж байна“ гээд энэхүү хөтөлбөрийг төсөл боловсруулж эхлэхээс нь хамтран ажилласан аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ. 

Холбоотой мэдээ