Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан ч эхний 14 хоногт халдвар авах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-27 11:56:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн хүмүүсийн 0.5 хувь буюу 9000 орчим хүн коронавирусээр халдварласан гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр мэдээлэв.


Вакцины хоёрдугаар тунгийн дараа ч гэсэн өвдөх эрсдэлтэй бөгөөд манай улсад хоёрдугаар тунд хамрагдаад халдвар авсан 3000 гаруй иргэн байгаа аж.


Тэрбээр мэдээлэлдээ, “Вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног болсны дараа халдвар авч байгаа тохиолдолд “Vaccine breakthrough” гэдэг нэршил дэлхий дахинд байдаг. Нэгдүгээр тунгийн дараа төдийлөн дархлаа тогтохгүй учир халдвар авах эрсдэл өндөр байгаа. Хоёрдугаар тунд хамрагдсан ч эхний 14 хоногт халдвар авах эрсдэл байгааг судалгаа харуулж байна. Харин үүнээс дээш хугацааны дараа халдвар авсан 900 гаруй хүн байгаа. Бүрэн тунд хамрагдсан ч халдвар хамгааллаа барих ёстой. Жирэмсэн эхчүүд, хүүхэд, вакцины эсрэг заалттай иргэд халдвар авах эрсдэлтэй хэвээр байгааг анхаарах хэрэгтэй” гэв.


Улсын хэмжээнд вакцинд хамрагдсан таван хүн “Ковид-19” халдвараар нас баржээ. Гэхдээ эдгээр хүмүүс нь вакцинаас болоогүй бөгөөд архаг хууч өвчтэй, вакцин хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авсан байна. Мөн сүүлийн үед халдварын тоо, нас баралт буурахгүй байж болзошгүйг ЭМЯ-наас анхааруулав.

Холбоотой мэдээ