Хөнгөн, шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүс халдвар тараах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-28 23:32:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын дунд коронавируст халдварын тархалт буурсан гэж тайвширч болохгүй. Лабораториор батлагдсан тохиолдлын тоо тодорхой хэмжээгээр буурсан боловч нийт өвчлөлийн тоо буураагүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх А.Амбасэлмаа ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.

 

Монгол Улсад сүүлийн гурван сарын хугацаанд коронавируст халдвар хүн амын дунд өргөн тархалттай, өвчлөл, хүндрэл, эндэгдэл ихтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан 55 800 гаруй тохиолдлын 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

 

Эмнэлэгт буй 4 249 хүний 3 876 нь нийслэлд эмчлүүлж байна. Эдгээрээс 46-48.9 хувь нь хөнгөн, үлдсэн хувь нь хүнд, нэн хүнд оноштой байна. Тиймээс халдварын нөхцөл байдал хүнд байна гэдгийг тэрбээр дурдсан юм.

 

Мөн тэрбээр, “Лабораториор батлагдаж байгаа, мэдэгдэж буй батлагдсан тохиолдлын цаана цар тахлын өргөн тархалтын үед 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж өвчлөлийг тараах боломжтой байдаг. Түүнийг даган хавьтлын тоо нэмэгдэг. Тиймээс иргэд халдвар буурсан гэж тайвшрах болооүй, хатуу бөгөөд хариуцлагатай цаг үетэй тулгарч байна. Цар тахалтай тэмцэх гол хэрэгсэл вакцин. Иймээс дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Вакцин хооронд халдвар авах эрсдэл бий. Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно.  Иймээс дархлаа тогтохоос өмнө биеэ хамгаалах хэрэгтэй. Вакцин хоорондын хугацаа болон хоёр дахь тунгийн дараах дархлаа тогтох хугацаанд халдварт эрсдэх тохиолдол их байна. Тиймээс энэ цаг үеийг хамтдаа даван туулах хэрэгтэй" хэмээсэн юм.

 

Холбоотой мэдээ