Коронавирусний гарал үүслийн хоёр дахь шатны судалгааг явуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-28 18:21:09

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар явуулсан коронавирусний гарал үүслийн өмнөх үе шатны судалгааг АНУ “хангалтгүй” гэж үзэж, хоёр дахь шатны судалгаа шинжилгээ явуулахыг уриалжээ.


“ДЭМБ-ээс санаачилсан “COVID-19”-н эх үүсвэрийг олох эхний шатны судалгаа хангалтгүй бөгөөд дутуу байсан. Бид судалгааг мэдээлэлд тулгуурласан шуурхай, ил тод явуулж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт шинжээчдийн баг хоёр дахь үе шатны судалгааг хийхийг уриалж байна. Хятад улс шинжээчдийг  мэдээлэл, дээж олж авах боломжоор нь бүрэн хангах нь маш чухал юм. Ингэснээр вирусний гарал үүслийг илрүүлэх, цар тахал хаанаас үүдэлтэйг олж мэдэх боломжтой болно” хэмээн НҮБ-ын дэргэдэх АНУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.


Түүнчлэн “COVID-19”-н гарал үүслийг судлах хоёр дахь шатанд шилжихээ ДЭМБ амласныг өндрөөр үнэлж, тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесусаас энэ талаар мэдээлэл өгөхийг нь хүлээж байгаагаа АНУ-ын төлөөлөгчийн газар мэдэгдэв.


Уханийн вирус судлалын хүрээлэнгийн дор хаяж гурван эрдэмтэн 2019 оны 11 дүгээр сард хүндээр өвдсөн нь коронавирусийг зохиомлоор үүсгэсэн гэх хувилбар илүү бодитой гэдгийг харуулж байна хэмээн өмнө нь “The Wall Street Journal” сонин мэдээлсэн юм. Тодорхойгүй өвчин гарсан тухай эрх баригчид мэдэгдэхээс өмнө Уханийн хүрээлэнгийн эрдэмтэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь хожим нь мэдэгджээ.


COVID-19”-ийн гарал үүслийг олж илрүүлэх зорилготойгоор 1, 2 дугаар сард Хятадад айлчилсан тухай илтгэлдээ олон улсын шинжээчид нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй юм. Шинжээчдийн эцсийн дүгнэлтэд дурдсанаар, коронавирус нэг амьтнаас нөгөөд халдаж, дараа нь хүнд халдварласан гэх хувилбарыг хамгийн өндөр магадлалтай гэж үзсэн бол лабораториос тархсан гэх хувилбарыг хамгийн магадлал багатай гэжээ.


Энэ илтгэл нийтлэгдсэний дараа судалгаанд санаа зовниж буйгаа АНУ-аас гадна Австрали, Их Британи, Дани, Израил, Канад, Латви, Литва, Норвег, Словени, Чех, Эстони, БНСУ, Япон илэрхийлжээ. Эдгээр улс судалгааг илт шүүмжлээгүй ч шинжээчдийн ажил мэдэгдэхүйц саатсанаас гадна бүрэн мэдээлэл олж аваагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна

Холбоотой мэдээ