Туркийн эрх баригч нам шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-28 18:54:32

АНКАРА. /Anadolu/. Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам тус улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж дуусаж, улс төрийн бусад хүчинд хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна.


Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган пүрэв гарагт Анкара хотод үг хэлэхдээ мэдэгджээ.


"Иргэний шинэ Үндсэн хуулиар бид улс орноо дээд ангид шилжүүлэх болно. Манай болон бусад нам үүнд нягт нямбай оролцож байна. Бид ажлаа дуусгасан бөгөөд бусад намуудад хүлээлгэж өгнө. Оны эцэс гэхэд үнэлгээг хийх бөгөөд бид зөвшилцөлд хүрнэ" гэж тэрбээр хэлсэн байна.


Эрдоганы хэлснээр, “шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажилд улс төрийн бүх нам хувь нэмрээ оруулах ёстой". "Хэрэв бид хүссэн зөвшилцөлдөө хүрч чадахгүй бол “Бүгд найрамдах эвсэл”-ийн хувиар /Шударга ёс, хөгжлийн нам, Үндсэрхэг хөдөлгөөний нам/ өөрсдийн ажлын үр дүнг ард түмэндээ /бүх нийтийн санал асуулгад/ танилцуулахад бэлэн байна" гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгджээ. Үндэсний хөдөлгөөний намын улстөрчдийн саналыг эрх баригч намаас боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд тусгасан гэж Эрдоган тайлбарлав.


Туркийн шинэ Үндсэн хуульд “дотоодын болон олон улсын бүх үнэн бодит чанар” тусгагдана гэж Эрдоган гуравдугаар сард мэдэгдэж байв. Тэрбээр Үндсэн хуулийг өөрчлөх оролдлогыг эрх баригчид өмнө нь хийж байсан боловч "улс төрийн уур амьсгал энэ ажлыг дуусгах боломж олгоогүй" гэдгийг сануулсан байна. Туркийн намууд хэдэн зүйл заалтын талаар буулт хийхийг огт хүсэхгүй байсны болж сүүлийн жилүүдэд шинэ Үндсэн хуулийг боловсруулах үйл явц саатжээ. 


Холбоотой мэдээ