Бразил даяар Болсонаругийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-30 10:18:14

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /RT/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн Засгийн газар болон түүний коронавирустэй тэмцэх бодлогыг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт орон даяар боллоо гэж "G1.Globo" цахим хуудас мэдээлэв.


Эсэргүүцлийн жагсаал Бразилын бүх 26 мужид болсон байна. "The Guardian" сонинд мэдээлснээр, хамгийн багадаа 200 хот, сууринд жагсаал болсон бөгөөд коронавирусний халдвар тархсанаас хойш Засгийн газрын эсрэг зохион байгуулсан хамгийн том жагсаал болжээ. Жагсаалд оролцогчид амны хаалт зүүсэн байсан боловч эсэргүүцлийн ажиллагаа болсон бүх хотод жагсагчид хүн хоорондын зай бариагүй байна. Тэд "COVID-19"-ийн вакцин худалдан авах, хүн амд яаралтай тусламж үзүүлэх, цар тахлын үед дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг буцааж хэрэгжүүлэхийг шаарджээ. Жагсагчдын зарим нь Болсонаруг огцруулахыг уриалсан зурагт хуудсууд барьцгаасан байв. 


Ихэнх хотод жагсаал тайван болсон боловч зүүн хойд Пернамбуку мужийн нийслэл Ресифид цагдаа нар жагсагчдыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Мужийн захирагч хууль сахиулагчид хүч хэрэглэснийг буруушааж, мөрдөн шалгахаа амлажээ.

Холбоотой мэдээ