НАР ХУР ТЭГШРЭХ 6 ДУГААР САР
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 6
дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.
Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж
температур Алтайн өвөр говиор ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн
орчим байна. Хур бороо Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу орохоор байгаа аж. Нэг ба хоёрдугаар арав хоногийн
дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6
хэмээр сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав
хоногийн эхэн болон сүүлчээр дуу цахилгаантай, түр зуурын бороо
орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с
хүрч ширүүсч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар: Төв аймгийн өмнөд,
Өвөрхангайн зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар агаарын дундаж
температур ОЖД орчим байна. Хөвсгөл, Сэлэнгийн
ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд
хэсгээр ОЖД–аас ахиу бороо орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе,
гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ
2–4 хэмээр сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе,
гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо
орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед
түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар: Нийт нутгаар агаарын температур ОЖД–аас дулаан байна. Хэнтийн ихэнх
нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу бороо орох төлөв гарчээ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар
арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар
арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын
бороотой. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим
үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар: ОЖД–аас нийт нутгаар
агаарын температур дулаан байх аж. Хур бороо нийт нутгаар ОЖД–ийн
орчим орно. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур
өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн,
гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай
түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед
түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэж цаг агаарын 6 дугаар
сарын урьдчилсан тоймд дурджээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж
цаг агаарын урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:
Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан,
Говь-Алтай, Баянхонгор)
Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган,
Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)
Зүүн аймгуудад: (Хэнтий,
Дорнод, Сүхбаатар)
Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж нэр томьёог тайлбарлажээ. Энд дурдагдаад байгаа ОЖД гэдэгт Олон улсын цаг агаарын байгууллага 1981- 2010 оныг багтаасан байдаг юм байна.
Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн
30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг
хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”,
түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар”
гэх утгаар ойлгох боломжтой байх юм.
Зургаадугаар сарын
хур бороо ба стандартчилсан (SPEI:Standardized Precipitation
Evapotranspiration Index) хуурайшлын индексийг 52 өртөөний
1981–2020 оны Торнтвэйтын аргаар тооцоолон (Thornthwaite, 1948) олон жилийн
явцыг дөрвөн бүсийн хэмжээгээр дундчилан үзүүлжээ. Нийт нутгаар 1999
оноос хойш 6 дугаар сард хуурайшлын давтагдал болон эрчимшил илэрхий
нэмэгдсэн байна. Ялангуяа 2017–2020 оны хооронд хуурайшил үргэлжилжээ. Төвийн бүсээс
бусад бүс нутагт 2017, 2018 онд хуурайшил (SPEI < -1.5) харьцангуй
эрчимтэй байсан аж. Мөн түүнчлэн SPEI–ийн олон жилийн хандлагыг Манн–Keнделын
аргаар үнэлэхэд бүх бүс нутгаар ялимгүй буурсан хандлага ажиглагджээ.
Сарын агаарын
темперaтурын ОЖД нь Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг,
Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–12 хэм,
Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь,
Өмнөговийн нутгаар 20–24 хэм, бусaд нутгaaр 13–19 хэм дулаан бaйдаг.
Агаарын дундаж
температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу
ОЖД–аас 2–3 хэмээр дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын
нутгаар 34–39 хэм хүрч халж байжээ.
Харин сарын нийлбэр хур бороо ОЖД–аар авч үзэхэд Ховд, Говь–Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм бороо орж байжээ. Хур бороо 1983–1986, 1993–1994, 2008, 2011–2016 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу орсон байх юм.
Нийт нутгийн хойд
хэсгээр хур бороо олон жилийн дунджаас ахиу орох тул болзошгүй үер
усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулсан байна. Мөн нэгдүгээр
арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр хэт халалт
ажиглагдах магадлал өндөр байгааг гэж 6 дугаар сарын цаг агаарын
тоймд анхааруулжээ.
Монгол орны нийт нутаг, түүний хойд хэсгээр 6 дугаар сард ОЖД-аас их бороо орж нар хур тэгширсэн сайхан зун болох бололтой.