“P4G” дээд хэмжээний уулзалтаар Сөүлийн тунхаглал гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-01 10:54:27

СӨҮЛ. /NHK/. Дэлхийн удирдагчид БНСУ-ын зохион байгуулсан цахим дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хойшлуулшгүй аюул занал учруулж буйг нотлоод, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөхиүлэн дэмжихийг уриалав.


“Ногоон хөгжлийн төлөөх түншлэл ба дэлхийн зорилтууд 2030” буюу “P4G” хоёр өдрийн уулзалт даваа гарагт өндөрлөжээ. Энэхүү уулзалтад дэлхийн 60 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, хүнс, ус, эрчим хүч зэрэг сэдвийн талаар хэлэлцжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзалтын сүүлийн өдөр болсон хэлэлцүүлгийн үеэр, “Уур амьсгалын өөрчлөлтөд хил хязгаар үгүй тул хөгжингүй, хөгжиж буй орнууд өөр өөр нөхцөл байдлаа харилцан ойлголцож, эв санаагаа нэгтгэх хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв.


Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд баталсан Сөүлийн тунхаглалд уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн эдийн засаг, нийгэм, аюулгүй байдалд хойшлуулшгүй аюул занал учруулж буйг нотолжээ. Мөн эрчим хүчний салбарт нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүрэг амлалт өгсөн байна.


Үүний зэрэгцээ коронавирусний цар тахлын дараах эринд эдийн засгийг сэргээхэд байгаль орчинд ээлтэй технологид хөрөнгө оруулахын ач холбогдлыг уг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.


Анхны “P4G” дээд хэмжээний уулзалт 2018 онд Данийн нийслэл Копенхаген хотноо болсон бөгөөд хоёр дахийг нь ийнхүү БНСУ зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Японы Байгаль орчны сайд Коизүми Шинжиро, АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. 

Холбоотой мэдээ