Цар тахал агаарын чанарыг сайжруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-06-01 12:35:49

ЛОНДОН. /BBC/. Агаарын бохирдол нь хүн төлөлхтөний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж буй хамгийн аюултай хүчин зүйл болоод удаж байна. Тодруулбал, жилд долоон сая хүн агаарын бохирдлын улмаас нас бардаг гэх ДЭМБ-ын тооцоо бий. Харин “COVID-19” цар тахлын улмаас хүн төрөлхтөн зорчих хөдөлгөөнөө бууруулснаар агаарын чанар сайжирчээ.


Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын /CO2/ дөрөвний нэг орчим нь түлшний шаталттай холбоотой байдаг. Иймээс цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, тээврийн хөдөлгөөн хязгаарлагдсанаас үүдэлтэй өөрчлөлт нь илэрхий харагдаж байлаа.


Олон улсын эрчим хүчний агентлагийн /IEA/ мэдээллээр, өнгөрсөн онд дэлхий даяарх замын хөдөлгөөн 2019 оныхтой харьцуулахад 50 орчим хувиар буурсан байна. Үүнтэй холбоотойгоор агаарын чанар сайжирч буйг нүдээр харахад ч тодорхой байжээ. 


Дели хотод хөл хорионы үеэр


Мөн богино хугацаанд хотын бүсүүдийн агаар дахь бохирдуулагчдын түвшин ихээхэн хэмжээгээр буурсан байна. Агаар мандлын шинжлэх ухааны үндэсний төвийн /NCAS/ цуглуулсан мэдээллээс үзэхэд, Их Британийн 10 хот даяарх азотын исэл /NO2/ болон “PM2.5” тоосонцрын хэмжээ ихээхэн буурчээ.



Их Британийн 10 хотын агаар дахь "РМ2.5" тоосонцрын 2015-2019 оны агууламжийг 2020 оныхтой харьцуулсан байдал


Мөн Энэтхэгт хөл хорионы үеэр замын хөдөлгөөн 90 хувиар буурсны дараа иргэд цэлмэг тэнгэрийн зургийг авч, нийгмийн сүлжээний хаягууддаа нийтэлж байсан юм.


Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн мэргэжилтэн Сунил Дахия “BBC” телевизэд, “Түлшний шаталтыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийж чадвал цэлмэг тэнгэр, цэвэр агаараа тун хурдан хугацаанд эргүүлэн авчрах боломжтойг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна” гэж мэдээлж байжээ.


Гэсэн хэдий ч хөл хорио тогтоосонтой зэрэгцэн сайжирсан агаарын чанар хөл хориог сулруулан цуцалж, хэвийн байдалдаа эргэн орохтой зэрэгцэн буцаад хуучны түвшиндээ очсон байна.


Харин “CO2”-ын агууламжид тун бага өөрчлөлт ажиглагдав

Дэлхийн цаг уур судлалын байгууллагын /WMO/ мэдээлснээр, “COVID-19” цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн дэлхий дахины хариу арга хэмжээ агаар мандалд агууламж нь нэмэгдсээр буй нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын агууламжид тун бага нөлөө үзүүлжээ.  


Хэдийгээр өнгөрсөн онд хөл хорионы улмаас тээвэр, аж үйлдвэрийн үйл ажиллагааг ихээхэн бууруулсантай холбоотойгоор нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал үлэмж хэмжээгээр буурсан боловч “WMO”-гийн мэдээллээр, агууламжийн хувьд тун бага хэмжээгээр буурсан байна. “WMO” энэ тухай хүлэмжийн хийн талаарх жил тутмын тайландаа дэлгэрэнгүй нийтэлжээ.


Мөн хөл хорионы үеэр байгаль орчинд ажиглагдсан нааштай өөрчлөлтүүдийг цаашид хэвээр нь хадгалахыг олон нийт уриалж байлаа. Түүнчлэн байгаль хамгаалагчдын зүгээс цар тахлын дараах эринд эдийн засгийн өсөлтийг хангахад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад голчлон анхаарах хэрэгтэйг цохон тэмдэглэж байсан юм. Гэвч ногоон хөгжлийг чухалчлах ийм уриалгыг үл харгалзан ямар ч зардлаар хамаагүй бизнесийг эргэн хэвийн түвшинд нь хүргэхэд одоогоор голчлон анхаарч байна. 

Холбоотой мэдээ