Хонкогт жагсаал цуглаан хийхийг уриалсан идэвхтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-04 14:20:26

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн цагдаа нар Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойг тохиолдуулан зөвшөөрөлгүйгээр олон нийтийн жагсаал цуглаан хийхийг уриалсан сөрөг хүчний идэвхтнийг баасан гарагт баривчилжээ.


Тодруулбал, цагдаа нар Хятад дахь эх оронч ардчилсан хөдөлгөөнийг дэмжих Хонконгийн эвслийн орлогч дарга Зоу Хантуныг баривчилсан байна. Тэрбээр Тяньаньмэний талбайд 1989 онд болсон эмгэнэлт үйл явдлын хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн Виктория цэцэрлэгт хүрээлэнд лаа асаасан жагсаал цуглаанд оролцох ухуулгыг хийжээ. Коронавирусний цар тахлын улмаас ийм арга хэмжээ явуулахыг хууль сахиулах байгууллагууд хоёр дахь жилдээ хориглоод байгаа юм.


Гэсэн ч олон идэвхтэн гудамжинд гарч, лаа асаахыг нийгмийн сүлжээгээр дамжуулан уриалжээ. Иймд хууль сахиулах байгууллагууд хотод аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, 5-7 мянган цагдаагийн ажилтныг хэв журам сахиулахад дайчлах аж. Энэ өдөр цагдаа нар салан тусгаарлах болон үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар хориглосон бусад уриа лоозонг ашиглах аливаа оролдлогыг таслан зогсоох төлөвтэй байна. 


Хятадаас зөвхөн Хонкогт Тяньаньмэний үйл явдлын ойг олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг байна. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн улс төрийн идэвхтнүүд энэхүү үйл явдлыг тохиолдуулан жил бүр жагсаал цуглаан хийдэг. Энэхүү жагсаал нь орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр явуулдаг тайван жагсаал цуглаан аж.


Гэсэн ч цагдаа нар цар тахалтай холбогдуулан ийм арга хэмжээ явуулахыг сүүлийн 30 жилд анх удаа хоригложээ. Хориг Виктория цэцэрлэгт хүрээлэнд лаа асаан цугларсан олон мянган хүнд нөлөөлөөгүй юм. Үүний улмаас зарим сөрөг хүчний төлөөлөгчдийг хариуцлагад татсан. Тухайлбал, нэрт идэвхтэн Жошуа Вонг 10 сар шоронд хоригдох ял авсан юм.

Холбоотой мэдээ