Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын төмөр замын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” энэ сарын 10-ны өдөр тохионо.
Энэ өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд, тэр дундаа тус холбооны гишүүн “Улаанбаатар төмөр зам” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм.
Дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор 2020 онд энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Харин энэ онд “УБТЗ-ын хэмжээнд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд гармуудын техникийн байдлыг сайжруулах ажил хийж байна.
Олон улсын төмөр замын холбооноос өгсөн
чиглэлийн дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд гармын мэдлэг
дээшлүүлэх олон улсын өдрийг “АНХААРАЛ БОЛГООМЖ ТАНЫГ АВАРНА” уриатайгаар тэмдэглэж байна.
Иргэд, жолооч нар төмөр замын гармаар нэвтрэхдээ анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН -ээс уриалж байна.