Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд газар олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-14 10:35:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Газар зохион байгуулалтын албаныханд үүрэг болгожээ.


Тэрбээр, ойрын өдрүүдэд орсон бороо, цас, мөн шар усны үерийн улмаас Сэлбэ гол үерлэсэнтэй танилцах үеэрээ “Голын голдирол өөрчилж, барилга, байгууламж барьсан газрыг шүүхэд өгч, нөхөн олговор нэхэмжил” хэмээгээд, “Сэлбэ гол орчимд байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэх”-ийг холбогдох албаныханд даалгав.


Сүхбаатар дүүрэгт үерийн голдирол, жалга, судаг дагуу буусан 1200 орчим айл байдаг бөгөөд холбогдох байгууллага мэдэгдэх хуудас өгч, шаардлага тавьдаг ч нүүдэггүй аж. Өнгөрсөн удаагийн борооны улмаас гэхэд олон айлын жорлон хальсныг нь соруулжээ.


Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Үер ус хальж, айл өрх рүү орсон 2-3 хэсэг газар бий. Дүүргийн онцгой комисс далан, шуудуу тавьж, хамгаалсан. Иргэд намагтай газар байшин барьж, усаа зайлуулахын тулд шуудуу татаж, чулуу, шороо, хайрга асган, голын голдирлыг өөрчилж байна. Иймд газрын эрхийг нь цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай”-г онцолж байв. 

Холбоотой мэдээ