Африкт вакцин үйлдвэрлэлийн хүчин чадал бий болгоход нэг тэрбум евро зарцуулна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-14 14:58:52

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо Африкт вакцины үйлдвэр байгуулахад зориулж 1 тэрбум евро зарцуулах төлөвтэй байна гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгджээ.


“Алсдаа бид вакцин үйлдвэрлэлийн төвүүд барьж байгуулах хэрэгтэй. Африкт ийм үйлдвэр барихыг ЕХ зорьж байгаа бөгөөд үүнд 1 тэрбум евро зарцуулна. Энэ нь цаашид коронавирусний төдийгүй хумхаа, сүрьеэ зэрэг халдварт өвчний вакциныг өөрсдөө үйлдвэрлэх боломжийг Африкт олгох юм” хэмээн Европын Комиссын тэргүүн мэдэгдэв.


Он гарснаас хойш ЕХ нутаг дэвсгэрт нь үйлдвэрлэгдсэн 350 сая тун вакциныг экспортолжээ. Экспортын тал орчим нь ЕХ-нд багтдаггүй АНУ, Их Британи, Канад, Японд ногдсон аж. Оны хоёрдугаар хагаст мөн хэмжээний вакцин экспортлох шаардлагатай байгааг Фон дер Ляйен онцлон тэмдэглэжээ. Ингэхдээ “Долоогийн бүлэг”-т багтдаггүй орнуудад дор хаяж 175 сая тунг нийлүүлэх шаардлагатай гэжээ.

 

Холбоотой мэдээ