Хүмүүс яагаад амьтдынхаас илүү том тархитай байдаг вэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-23 15:30:01

ВАШИНГТОН. /UPI/.  Хүмүүс яагаад амьтдаас илүү том тархитай байдгийн учрыг эрдэмтэд олж тогтоожээ.

Хүний бие дэх бодисын солилцоо нь бусад амьтдынхтай харьцуулахад илүү хурдан явагддаг болохыг эрдэмтэд ажиглан судалсан байна. Тэдний үзэж байгаагаар хүний биед амьтадтай харьцуулахад илүү их хэмжээний өөх байдаг бөгөөд энэ нь бодисын солилцоог хурдасгахад шаардлагатай энергиэр хангадаг ажээ.

Үүгээр юуг хэлэх гэж байна вэ? Энэ бол тархины өсөлт хөгжилтөд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн юм.

Эрдэмтэд судалгаандаа 141 хүнийг хамруулан,  27 шимпанзе, 11 орангутан, 10 горилла сармагчин болон 8 одой шимпанзе буюу боноботой харьцуулсан байна.

Биеийнх нь хэмжээтэй харьцуулахад хүмүүс өдөрт шимпанзе болон бонобогоос  400 ккал, горилла сармагчнаас 635 ккал, харин орангутангаас 820 ккал-аар илүү их илчлэг зарцуулдаг болох нь тогтоогджээ.

“Сармагчингууд хашаанд хоригдсон үедээ хөдөлгөөн багатай байдаг боловч харьцангуй туранхай байдаг бол хүмүүсийн хувьд өөхний хуримтлал ихтэй байдаг” гэж Чикаго хотын Лоёола Их сургуулийн эрдэмтэд үзэж байна.

Эрдэмтэн Эми Люк, Лара Дугас болон Рамон Дуразо-Арвизу нараар ахлуулсан багийнхны хувьд "уг нээлт нь хүмүүс таргалалттай тэмцэхэд тус нэмэр болно" хэмээн найдаж байгаа ажээ.

Хүн дүрст амьтдын бодисын солилцооны олон талт байдлыг хөндөж буй хувьслын үйл явцын дарамт болон физиологийн механизмын мөн чанарыг тайлж олох нь амьтны хүрээлэнд хоригдож буй сармагчингууд болон аж үйлдвэржсэн орнуудын иргэдийн бодисын солилцооны эрүүл мэндийг сайжруулахад ач тустай гэж судлаачид үзэж байгаа юм. Уг судалгааны дүнг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлсэн байна.

 Х.Сарнай

Холбоотой мэдээ