Б.Еркебулан: Өөрийгөө таньчихсан хүн шантарна гэж бараг байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-06-15 17:47:46
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Дасгал, хөдөлгөөн, зөв хооллолт, эерэг хандлага бол энэ амьдралын  хамгийн их “амжилт” юм. Гэхдээ энэ амжилтыг хүн бүр гаргаж чаддаггүй. Яагаад гэвэл, асар их тэвчээр, уйгагүй хөдөлмөр, хичээл, зүтгэл, итгэл үнэмшил нэг цэг дээр огтлолцож байж биелдэг зүйл. Тэгвэл 10 гаруй жил яг энэ замаар алхаж яваа дасгалжуулагч Б.Еркебулантай ярилцлаа.  


-Таныг олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож Эрдэнэтийнхээ нэрийг гаргасан тамирчин гэдгээр чинь хүмүүс сайн мэднэ. Анх хэзээнээс фитнесээр хичээллэж эхлэв?

-Би Эрдэнэт үйлдвэрт нунтаглан баяжуулах хэсгийн засварчнаар ажилладаг. Фитнесээр хичээллээд 11 жил болж байна. Эхлээд гэртээ нэг жилийн турш дасгал хийхэд биед маань илт мэдэгдэхүйц үр дүн гарсан учир тэндээсээ урамшаад илүү сайжруулъя, илүү хөгжүүлье гээд фитнест явж эхэлсэн.

-Таны анхны багш хэн байсан бэ?

-Анх гэртээ хийж эхэлсэн болохоор багшгүйгээр эхлүүлсэн. Ах маань гэртээ суниагаад биеэ маш гоё хөгжүүлчихсэн байсныг хараад боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд л гэртээ бүтэн жил ганцаараа, өөрөө өөртэйгөө ажилласан.

-Арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд одоогийн өв тэгш бие бялдрыг "бүтээсэн" гэж ойлгож байна. Анх хичээллэж эхлэх үед таны бие бялдрын хөгжил ямар байсан бэ?

-Маш туранхай, 60 кг ч хүрдэггүй байсан. Аав, ээж маань энэ хүүхэд өсөхөө байчихлаа гээд л их санаа зовно. Тэгээд гэртээ чадах хамгийн дээд хэмжээндээ хоёр гурав суниаж эхэлсэн. Тэгээд л болоо, өөр юм юу ч хийгээгүй. Бүтэн жил ингэж явсны дараа яг тэр үед л зуршил болгож чадсан юм шиг байгаа юм. Нэгэнт зуршил болчихсон болохоор фитнест явж эхэлсэн. Харин одоо 10 гаруй жил өнгөрчихөж...

-Гэрийн нөхцөлд фитнесээр хичээллэх, зааланд хичээллэх хоёр хэр зэрэг ялгаатай вэ? Залуучуудын дунд зааланд очиж дасгал хийвэл илүү үр дүнтэй гэсэн ойлголттой байдаг шүү дээ.

-Хүний өөрийнх нь зорилгоос л хамаарна. Яг тамирчин болох зорилготой бол фитнест явах зайлшгүй шаардлагатай. Илүүдэл жингүй, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийе, гоё биетэй, зөв галбиртай болъё гэвэл гэрийн нөхцөлд хийхэд хангалттай. Заалны бас нэг давуу тал нь тоног төхөөрөмж сайтай, тэнд хүн болгон л дасгал хийж байдаг болохоор зүгээр сууна гэж байхгүй.

-Танай фитнесийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн хэдэн хувь нь зорилгоо биелүүлдэг бол?

-Ер нь манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 40 хувь нь жин, булчингийн масс нэмэх, 40 хувь нь жин хасах, 20 хувь нурууны асуудалтай, түүнийгээ эмчлэх зорилгоор ирдэг. Тулж ажиллаж байгаа болохоорүр дүн ямар нэг хэмжээгээр гарна.

-Цар тахал Монголд гарснаас хойш хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, заал хаалаа. Энэ нөхцөл байдалд танайх сайн зохицож онлайн хэлбэрээр сургалтуудаа зохион байгуулсан гэсэн. Бас тэмцээн зохион байгуулж, ялагчаа тодруулсан байсан. Энэ тухайгаа дэлгэрүүлж яривал?

-Бид "Чадчийлдаа" нэртэй марафоныг цахим орчинд зарласан. Энэ марафон нь таван сарын 10-наас эхлээд 21 хоногийн турш үргэлжилсэн. Тус тэмцээнд нийт 200 гаруй оролцогч хамрагдсан. Эндээс маш их өөрчлөлт ажиглагдсан 20 орчим хүний харьцуулалт зураг гарч ирсэн. Би эндээс юу ойлгосон бэ гэхээр хүн гэрийн нөхцөлд ч өөрийгөө өөрчлөх боломжтой гэдгийг харсан. Зааланд ч бай, гэртээ ч бай, өөрчлөгдье гэвэл хүн яг өөртэйгөө л нүүр тулдаг юм байна. Аль ч үед би багшлахдаа чадах хэмжээндээ ажилладаг. Аль болох сэтгэл зүй дээр нь нэг их дарамт учруулахгүй, ачааллыг нь тааруулаад бэлтгэл хийлгэхийг хичээдэг ч хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн тал нь үр дүндээ хүрээд, тал нь дундаас нь хаядаг. Тийм учраас цахим хичээлээ цогц хэлбэрээр явуулж аль болох олон хүнийг үр дүнд хүргэхийг зорьсон. 

-Жин хасах "Чадчийлдаа" марафон бусад ижил төстэй уралдаанаас юугаараа ялгаатай вэ? Цогц хэлбэрээр гэхээр нэмэлт хичээлүүдээр баяжуулсан гэсэн үг үү? 

-Иог фитнесийг хослуулж сэтгэл зүйч, хоол зүйч, хувь хүний хөгжлийн багшийг давхар ажиллуулсан. Ийм таван төрлийн хичээл нэгдэж цогц сургалт болсноороо онцлогтой. Иог, фитнесийнхээ хичээлийг өдөр бүр ээлжээр заасан. Хүн өөрийгөө яаж ялан дийлэх ёстой талаар сэтгэл зүйчийн зөвлөгөө, өөртөө дүн шинжилгээ хийх талаар хувь хүний хөгжлийн ментор ажилласан. Тэгээд мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөөг нэмж ажилласнаар маш сайн үр дүн гарсан гэж харж байгаа. Харин хувь хүний хөгжлийн ментор нь эхлээд SWOT шинжилгээг хувь хүн дээр нь хийдэг. Тэр хүн эхлээд өртөө дүн шинжилгээ хийгээд хаана байгаагаа мэдсэний дараа урагшлах боломж нь бүрдэнэ. Хоёр дахь нь цагийн менежментийн хичээл давхар орсон. Үүнийг бүр яг өөрийнхөө туршлагатай уяж холбож, олон судалгааны үндэслэлтэй зөвлөгөө өгсөн. Гурав дахь нь хувь хүний хөгжил гэдэг сэдвийг ярьсан байгаа. Нийт оролцогчийн хаясан масс жин нийлээд 186 килограмм болсон. Харин булчингийн масс нэмсэн үзүүлэлт нь 24 килограмм байсан. Хувь хүнээр нь авч үзвэл нэг залуу 21 хоногийн хугацаанд 15 килограмм хассан. Бид ялагч залууд марафоны тэргүүн байрны шагнал болох Iphone-12 маркийн гар утсаар урамшуулсан.

-Таны хувьд туршлагаасаа хуваалцвал дасгал хөдөлгөөнийг яаж зуршил болгож чадсан  бэ? Шантрах үе  олон гарч байсан уу?

-Өдөрт ажлын найман цагаар ажлаа хийнэ. Орой тарж ирээд өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Тухайн үед үүнийг даван туулах нь би алхам алхмаараа зорилгодоо хүрч байна гэж бодохоос л бүр илүү урамтай болдог. Бэлтгэл хийгээд, дуусаад гараад ирэхэд "Чадчихлаа шүү дээ" гэж бодохоор урамтай байдаг.

-Таван төрлийн хичээлийг цогцоор орох, зөвхөн фитнесийн дасгал заалгаад явах хоёрын хооронд хэр их ялгаа харагдсан бэ? Хүмүүсийн тууштай байдлыг бий болгож, зуршлын хэмжээнд аваачихад нөлөөлж чадсан уу?

-Би 2017 оноос хойш цахим хэлбэрээр хувийн дасгалжуулагч хийж эхэлсэн. Надад төлбөрөө төлөөд хамтарч ажилладаг хүмүүсийн тал нь шантраад л орхичихдог. Хүмүүст асуудал байгаа ч надад ч бас асуудал байна. Би яах ёстой юм бол гээд их бодсон. Тэгээд хүнийг зүгээр л энэ дасгалыг хий гээд заагаад өгөх нь хангалтгүй юм байна. Энэ хүнийг тууштай байлгахын тулд энэ хүнд өөрийнх нь тэр хүсээд байгаа хүсэл зорилгыг өөрт нь хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд би уран илтгэх хэрэгтэй юм байна, ятгах хэрэгтэй юм байна, хүний сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Ингээд би бэлтгэлийнхээ арга барилыг өөрчилж эхэлсэн. Өөрөө ментортой болж, зөндөө ном уншсан. Тэр бүхнээс олж авсан мэдлэг туршлагаа нэг багц болгоод ажил хэрэг болгосон нь "Чадчийлдаа" марафон байсан.

-"Чадчийлдаа" марафонд хамрагдсан үйлчлүүлэгч хэн болж өөрчлөгдөх вэ? Танай сургалт юу амалж чадах вэ?

-Манайд бүртгүүлээд орж ирж байгаа хүн өөрийнхөө бие, галбираа өөрчилнө гэж орж ирж байгаа. Тэр хүний хичээл зүтгэлээс шалтгаалаад ямар нэг үр дүн гарна. Хоёрт, өөрийгөө ялан дийлж чадсан хүнд Iphone-12 утсыг шагнал болгож байгаа нь бас нэг өдөөгч хүчин зүйл болов уу гэж бодож байна. Үр дүнгийн хувьд нэгдүгээрт, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа зуршил болгож чадна. Хоёрдугаарт, хувь хүний хөгжил сэтгэл зүйн талаасаа өөрийгөө танин мэдэх юм. Энэ бол маш чухал зүйл гэж харж байгаа. Өөрийгөө танин мэдчихээд, урдаа тавьсан зорилгоо биелүүлнэ гэдэг тэс өөр байдаг. Өөрийгөө таньчихсан хүн шантарна гэж бараг байхгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ