Монгол Улс - Олимптой нөхөрлөсөн он жилүүд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-17 09:08:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтний спортын уралдаан тэмцээний хамгийн оргил болсон баяр цэнгэл - Олимпын наадамд Монгол Улсын баг тамирчид анх удаа Австрийн Инсбрук хотноо оролцож байсан юм. 


Ийнхүү "Инсбрук-1964" цагаан олимпын наадмыг 57 жилийн тэртээ 1964 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 9-нд зохион байгуулж байсан бөгөөд Монголын баг тамирчид энэхүү Өвлийн олимпын IХ наадмын цасан цагаан замд анх удаагаа мөрөө гаргасан түүхтэй билээ.



Харин зуны олимпын наадамд Монголын баг тамирчид анх удаа "Токио-1964" олимпын XVIII наадамд оролцсон юм. Одоогоос 57 жилийн өмнөх Токиогийн олимпын наадамд чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин хурд, хүчээ сорьсон юм.

Анх удаагаа оролцсон энэхүү наадамд НҮБ-ын бүрэн Эрхт гишүүн болоод удаагүй байсан Тусгаар тогтносон Монгол Улсын үндэсний шигшээ багийн тугчийн үүргийг тухайн үеийн Монголын хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Ч.Найдан гүйцэтгэж байжээ.

 

Япон улс 1964 онд Зуны XVIII олимпын наадмын бамбарыг Ази тивдээ анх удаа бадрааж, харин Монгол Улс анх удаа Зуны олимпын наадамд оролцсон гэгээн түүхийг монголчууд мартах учиргүй.



Япон улсын нийслэл Токио хотноо 57 жилийн тэртээ ийнхүү олимпын наадмыг зохион байгуулж байсан бол 37-хон хоногийн дараа  тус улсын энэ л хотод “Токио-2020” зуны олимпын XXXII наадам болох гэж байна.

 

Ташрамд сонирхуулахад, Хүн төрөлхтөн дайнаас болж тасарсан 3 олимпын наадмын VI /1916/, XII /1940/, XIII /1944/ гэсэн албан ёсны эрэмбэлэгдсэн дугаарыг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос үл шилжүүлж, өнөөг хүртэл уг эрэмбээр нь хадгалан тоолохоор алсын хараатай мэргэн шийдвэр гаргаж байсан юм байна. Энэ эрэмбэлсэн тооллоор өнөөдөр зуны олимпын XXXII наадам үргэлжилж байгаа юм.

 

Токиог зорих Монголын шигшээ баг

 

Японы нийслэл Токио хотноо 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд хүн төрөлхтний хамгийн том спортын баяр цэнгэл болох XXXII зуны олимпын наадам болно.


 

Монгол Улсын үндэсний шигшээ баг тамирчдаас 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар энэхүү олимпын наадамд спортын 8 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорих 38 эрхийн болзлыг хангаад байна.

 

Хамгийн сүүлд эрх авсан тамирчныг онцолбол, “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д Монгол Улсын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Билэгсайхан Ази тивийн квотоор Токиог зорих эрхээ авлаа.

 

Одоогоор Монголын баг тамирчид Токиогийн XXXII зуны олимпын наадамд чөлөөт бөх 9, буудлага 4, бокс 3, хөнгөн атлетик 3, ширээний теннис 2, байт харваа 1, хүндийг өргөлт 1, мөн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг /4 тамирчин/ нийтдээ 24 эрх буюу 27 тамирчин Токиог зорих албан ёсны эрхээ аваад байгаа юм.

 

Мөн жүдо бөхийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй 7 жинд жинд нийт 14 эрх авахаас дор хаяж 11-12 эрх авах боломжтой. Түүнчлэн усанд сэлэлтийн спортоор Монгол Улсад цагаан хуудсаар эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 эрх өгдөг уламжлал байдаг. Мөн ойрын өдрүүдэд таеквондо, байт сур зэрэг зарим спортын төрлөөс хэд хэдэн эрх авах магадлал байгаа юм.

 

Токиогийн олимпын эрх авсан чөлөөт бөхийн 9 тамирчныг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Т.Тулга, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Б.Хонгорзул, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д С.Батцэцэг, 76 кг-д О.Бурмаа нарыг сонгон оролцуулахаар болсноо хэдхэн хоногийн өмнө МЧБХ-ноос зарласан.


 

Буудлага спортын хувьд 4 тамирчин эрхээ авсан. Тухайлбал, спортын мастер Ц.Анударь БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан тэмцээний хийн гар бууны эмэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд өрсөлдөж, зургадугаар байрт шалгарч баг тамирчдаасаа хамгийн анх Токиогийн олимпын эрхээ авсан билээ. Тэрбээр 22 настай бөгөөд  2017 оноос эхлэн насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож байгаа юм.

 

Эрэгтэйчүүдийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү олимпын эрх өвөртөлсөн. Тэрбээр, дэлхийн цомын цуврал тэмцээнд шагналт тавдугаар байрт орж Токиог зорих эрхтэй болсон. ОУХМ Э.Даваахүү ДАШТ-ээс хос хүрэл, 2015 онд Дэлхийн оюутны Зуны универсиад наадмаас ганцаарчилсан төрлөөс алтан медаль хүртэж, багийн төрлөөс мөнгөн медальтай ирсэн шилдэг тамирчин бөгөөд 2008 оноос хойш тасралтгүй энэ спортоор хичээллэж байна.

 

Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа “Токио-2020” олимпын эрхээ авсан юм. Тэрбээр,  Катарын Доха хотноо болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор олимпын эрх авснаар Монголын үе үеийн тамирчдаас хамгийн дээд амжилтыг тогтоож Зуны олимпын наадамд 7 дахь удаагаа оролцохоор болсон билээ.


 

Катарын Доха хотноо олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626.5 оноогоор 13 дугаар байр эзэлсэн. Харин түүний өмнө жагссан Энэтхэг, БНСУ-ын гурав, гурван тамирчин болон эрхээ авсан тамирчид медальт байрт шалгарсан тул Монголын тамирчин О.Есүгэн олимпын наадмын эрхээ авч чадсан юм.

 

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг тамирчдаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд олимпын эрх авах болзлоо урьдчилсан байдлаар хангаад байгаа.

 

Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 78 кг-д О.Мөнхцэцэг /Азийн квотоор/, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин - дэлхийн чансаа 21 /Л.Өнөболд 24/, 66 кг-д Ё.Басхүү - чансаа 6 /Г.Хэрлэн 7/, 73 кг-д Ц.Цогтбаатар - чансаа 6 , 81 кг-д Саиед Моллаи /Иран гаралтай жүдоч/, 90 кг-д Г.Алтанбагана - чансаа 18, 100 кг-д Л.Отгонбаатар +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар эрх авах нь тодорхой юм.

 

Дэлхийд нэрээ дуурсгасан Монгол жүдоч М.Уранцэцэг


 

Энэ сард “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болох "Будапешт-2021" жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ болж Мөнхбатын Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг жинд хүрэл медаль хүртэж, Монголын анхны Дэлхийн аваргын 4 медальтан жүдоч болсон билээ.

 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2013 оны ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болж, “Рио-2016” олимпын V байр, ДАШТ-ээс 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ жил Унгарын ДАШТ-ээс дахин хүрэл медаль хүртэж шилдгийн шилдэг тамирчин болохоо нотлон харууллаа.

 

Жүдо бөхийн дэлхийн шилдэг тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, "Хүч" спорт хороо, Жи-Мобайл компанийн тамирчин М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг “IJF World Тоur” тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар шалгарсан билээ.

 

М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл  нийт 35 буюу хамгийн олон медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, 2020 онд дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдэж нэрээ мөнхөлсөн Монголын ганц жүдоч болсон юм.  

 

М.Уранцэцэг Монгол Улсаас анх удаа Visa олон улсын байгууллагын TEAM VISA хөтөлбөрт хамрагдсан тамирчин бөгөөд уг хөтөлбөрт дэлхийн маш цөөхөн тамирчин хамрагддаг, тамирчдын мөрөөдөл болсон өндөр нэр хүндтэй хөтөлбөр билээ.

 

Монголчуудын бахархал болсон шилдэг жүдоч М.Уранцэцэг жүдо бөхийн спортыг яагаад сонгох болсноо ярихдаа: "Би анх 2006 онд 16 настай байхдаа боксоор хичээллэхээр шийдэж Спортын төв ордны боксын зааланд очтол засвартай байсан. Харин хажууд нь жүдогийн заал байрладаг байлаа. Боксын заал онгойсон эсэхийг харахаар өдөр болгон очихдоо жүдогийн заалыг шагайж харсаар байгаад дуртай болчихсон юм. Тэгээд л жүдогоор хичээллээд 1 жилийн дараа анхны медалиа авсан даа” гэж дурссан юм.

 

Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпын наадамд VII байр эзэлж, 2013 онд Дэлхийн аварга болж, 2016 оны Бразилын олимпын дэвжээнд өөртөө маш итгэлтэй, бардам байсан гэдэг. Жүдо сонирхогчид, нийт монголчууд ч түүнийг олимпын медаль хүртэнэ гэсэн их хүлээлттэй байсан үе. Харин “Рио-2016” олимпын өмнөхөн жүдогийн шинэчлэгдсэн дүрэм батлагдаад, өрөсдөгчийнхөө өмдөнд гар хүрч болохгүй гэдэг журам гаргасан байв. Олимпын дэвжээн дээр тэр өрсөлдөгчийн өмдөнд санамсаргүй хүрчихсэнээр маш харамсалтай хожигдож байсан түүх бий. Харин түүний 3 дахь олимп буюу Токиогийн дэвжээнээс олимпын медаль хүртэнэ гэсэн чин хүсэл эрмэлзлэлийг М.Уранцэцэг баатар маань сэтгэл зүрхэндээ тээж байгаа бизээ.

 

Ташрамд дуулгахад, Гиннесийн дээд амжилтын эзэн 31 настай гавьяат тамирчин М.Уранцэцэгийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ.


 

Ширээний теннисний төрлөөр монголчууд анх удаагаа Токиогийн 32 дугаар олимпын наадамд оролцох гэж байна. Энэ оны 3 дугаар сард болсон ширээний теннисний дэлхийн болон Азийн бүсийн олимпын эрхийн сонгон шалгаруулах тэмцээнээс анх удаа Монголын 2 тамирчин олимпын эрх авсан нь түүхэн үйл явдал байлаа. Анхдагч болсон амжилтын эздийг танилцуулбал, Монгол Улсын 4 удаагийн аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн, 2018 оны улсын аварга, 18 настай Б.Болор-Эрдэнэ нар нэр дэвшсэн юм.

 

Токиогийн XVI паралимпын наадамд 7 тамирчин эрхээ аваад байна

 

Японы Токио хотноо 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Зуны XVI паралимпын наадам болно. Тус наадамд Монгол Улсаас 5 төрөлд 7 эрх аваад байна. Тухайлбал пара хөнгөн атлетик Ц.Энхманлай, Д.Саруултөгс, пара таеквондо Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа, пара байт харваа Н.Мөнхбаатар, пара пауэрлифтинг Э.Содномпилжээ, пара буудлага З.Ганбааатар нар Токиог зорих юм.

 

Мөн пара жүдо бөхийн төрлөөр 2 эрхийн болзлыг хангасан байгаа бөгөөд пара буудлага, пара байт харвааны төрлөөр дахин 1-2 эрх авах боломж байгаа юм байна.

 

Паралимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ бол Монголын паралимпын баг тамирчдаас пауэрлифтингийн спортоор дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг шилдэг тамирчин юм.


 

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 онд Казахстан улсад болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ.

 

Паралимпын пара буудлага спортын төрлөөр З.Ганбаатар Токиогийн паралимпын наадамд оролцох эрхийг авсан юм. Тэрбээр 38 настай бөгөөд АНЭУ-д болсон Дэлхийн цомын АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд 542 оноогоор шигшээд шалгарсан амжилтаар уг эрхийг хүртсэн.

 

Монголын баг тамирчид олимпын наадамд оролцсон амжилтын түүх

 

Монгол Улс Зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 олимпын медалийг 25 тамирчин хүртээд байгаа юм. Монгол Улс олимпын медаль хүртсэн 199 орноос медалийн тоогоороо 51 дүгээр байрт бичигдэж байна.

 

1964 оны Токиогийн олимпын наадамд Монгол Улсаас 21 тамирчин анх удаа оролцож, туршлага дутаж медаль хүртэж чадалгүй ирсэн бөгөөд тус олимпын наадамд 93 орны тамирчин оролцсон байна.


 

Харин 1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж нэг мөнгөн медаль /Ж.Мөнхбат/, гурван хүрэл /Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг/ медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. Ийнхүү 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.

 

1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж  нэг мөнгөн медаль/Х.Баянмөнх/, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.

 

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож нэг мөнгөн медаль /З.Ойдов/ хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

 

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож хоёр мөнгө /Ж.Даваажав, Ц.Дамдин/, хоёр хүрэл медаль /Д.Оюунболд, Р.Даваадалай/, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.

 

1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

 

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож нэг хүрэл медаль/Н.Энхбат/, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

 

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас хоёр хүрэл медаль /Н.Баярсайхан, Д.Мөнхбаяр/ хүртэж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

 

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож нэг хүрэл медаль /Д.Нармандах/ хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

 

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.

 

Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид нэг хүрэл медаль /Х.Цагаанбаатар/ хүртжээ.

 

2008 оны Бээжингийн олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилт гаргаж байсан түүхтэй.

 

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.

 

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ.

 

Өвлийн олимпийн наадмын Монголын багийн тугчид:

 

“Инсбрук – 1964”, “Гренобль - 1968”, “Саппоро – 1972” – Л.Цэнд /тэшүүр/

 

“Лейк Плесид – 1980”, “Сараево – 1984” – Л.Дорж /цана/

 

“Калгари – 1988” – Д.Энхээ /цана/

 

“Албервилль-1992” – Н.Ганболд /тэшүүр/

 

“Лиллехаммер – 1994” – Б.Бат-Оргил /шорт трек/

 

“Нагано – 1998” – Д.Очирсүх /цана/

 

“Солт Лейк – 2002” – Ж.Эрдэнэтүлхүүр /цана/

 

“Турин – 2006” – Х.Хаш-Эрдэнэ /цана/

 

“Ванкувер – 2010” – Э.Очирсүрэн /цана/

 

“Сочи – 2014” – Б.Бямбадорж /цана/


 

“Пёнчан – 2018” – Б.Ачбадрах /цана/

 

Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:

 

“Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/

 

“Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/

 

“Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/

 

“Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/

 

“Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/

 

“Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

 

“Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/

 

“Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/

 

“Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/

 

“Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/


 

“Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

Холбоотой мэдээ