29 цэгт төрийн 140 гаруй алба хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-17 17:56:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 29 цэгт төрийн 140 гаруй алба хаагч ажиллаж байна. 

Тус аймагт энэ сарын 20 хүртэл төв суурин газарт хатуу хөл хориог тогтоон, хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна. Аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд байнгын хоёр, явуулын 12 пост ажиллаж байгаа бөгөөд замын 23 уулзвар дээр нийтдээ 100 орчим алба хаагч ажиллаж байна.

Аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа О.Чинзориг хэлэхдээ "Алба хаагчид хяналт шалгалт хийх явцад зөвшөөрөлгүй иргэд хөдөлгөөнд оролцох, халдвар хамгааллын дэглэм зөрчих зэрэг асуудал гарч байна. Иймд цар тахлаас урьдчилан сэргийлэх Улсын Онцгой комисс, аймгийн Засаг даргын гаргасан шийдвэр, Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүдийг мөрдөж, иргэдийг гэртээ байхыг уриалж байна. Хот хооронд хулгайгаар пост нэвтрэх үйлдлүүд тодорхой хэмжээнд гарч байгаа тул цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллаж байна" гэлээ.

Мөн төв суурин газарт ямар ч зорилгогүйгээр гадуур сэлгүүцэж байгаа тохиолдолд зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авч байгаа аж. 

Холбоотой мэдээ