"Инвескор Бонд"-ын захиалгын дүн 75.5 хувиар давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-18 18:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн гаргаж буй “Инвескор Бонд”-ийн анхдагч зах зээлийн захиалгыг энэ оны 6 дугаар сарын 14-16-нд авч дуусав. Тодруулбал, тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд стратегийн 11 хөрөнгө оруулагч оролцож 3.7  тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 11 захиалга ирүүлжээ. Мөн олон нийт буюу 61 хөрөнгө оруулагчаас 10.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 61 захиалга, нийт 14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 72 захиалга ирүүлжээ. Энэ нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 75.5 хувиар давсан дүн болжээ.

Хөрөнгийн биржийн 2 дугаар ангилалд бүртгэлтэй “Инвескор ББСБ” ХК-ийн гаргаж буй “Инвескор Бонд”-ийн арилжааны эхний хэсгийн буюу 1 дүгээр транчийн 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 2 жилийн хугацаатай, жилийн 13 хувийн хүүтэй өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг авсан юм.




Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 39.4 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо. СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагчид арилжааны үлдэгдэл мөнгөн хөрөнгөө буцаан авах эрх үүсэх юм.


Холбоотой мэдээ