Японы Засгийн газар иргэдээ ажлын байран дээр нь вакцинжуулж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-21 12:56:58

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар иргэдээ ажиллаж, сурч байгаа газарт нь “COVID-19”- ийн вакцинд хамруулж эхэллээ.


Тус улсын Засгийн газрын мэдээлснээр, улсын хэмжээнд ажлын байр, их дээд сургуулиудад вакцин хийх нийтдээ 3400 гаруй цэг бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтын энэ үе шатны хүрээнд 13.7 сая орчим хүн вакцин хийлгэх хүсэлтээ гаргажээ.


Ийм стратеги нь вакцинжуулалтын эрчийг нэмэгдүүлнэ гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу мэдэгджээ. Като даваа гарагт Токио дахь “Itochu” корпорацийн төв байранд зочилж, ажилчдыг вакцинжуулах цэгтэй танилцсан байна.


Японд коронавирусний вакцинжуулалт хоёрдугаар сарын дундуур эхэлсэн. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарын 4.8 сая ажилтнаас 4.2 сая нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Тус улс дөрөвдүгээр сарын 12-ноос 65-аас дээш насны 36 сая иргэнээ вакцинжуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар 65-аас дээш насны япончуудын 14.7 сая нь вакцины эхний тунг, 3.8 сая нь хоёр тунг хоёуланг нь тариулжээ.


Холбоотой мэдээ