Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.5 сая гаруй хүн халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-06-23 09:16:08

ЖЕНЕВ. /RT/. Дэлхий даяар долоо хоногийн дотор 2.5 сая гаруй хүн халдвар авч, 64 мянга гаруй хүн нас баржээ. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 6 хувиар, нас баралт 12 хувиар буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээллээ.


ДЭМБ-аас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт (зургаадугаар сарын 14-20) дэлхий даяар халдварын 2 520 684 шинэ тохиолдол илэрч, 64 075 хүн нас барсан байна. Зургаадугаар сарын 20-ны байдлаар, халдвар авсан нийт хүний тоо 177 866 160-д хүрсэн бол нас барсан тохиолдлын тоо 3 857 974 болжээ.


Өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Ази (21 хувиар), Европт (хувиар) өвчлөл буурсан бол Африк (39 хувь), Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт (2 хувиар) нэмэгдсэн байна. Нас баралтын тохиолдол Африкт (38 хувь), Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт (2 хувь) өссөн боловч Зүүн Өмнөд Ази (26 хувь), Европ (12 хувь), Номхон далайн баруун хэсэгт (9 хувь) буурчээ.


Европт долоо хоногийн дотор 324 мянга гаруй хүн халдвар авч, 6000 гаруй хүн нас барсан байна. Хойд болон Өмнөд Америкт 1.1 сая гаруй шинэ тохиолдол илэрч, 30 мянга гаруй хүн энджээ. Зүүн Өмнөд Азид 600 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 19 мянга гаруй өвчтөн нас барсан байна.


ДЭМБ-ын мэдээлснээр "санаа зовоосон хувилбар" гэх ангилалд оруулсан коронавирусний хэд хэдэн омгийн тархалтыг хараахан зогсоож чадаагүй байна. Тодруулбал, 2020 оны есдүгээр сард Их Британид илэрсэн "Альфа" хувилбар дэлхийн 170 оронд тархсан байна. Бразилд есдүгээр сард илрүүлсэн "Гамма" хувилбарын тархсан улсын тоо долоо хоногийн дотор 68-аас 71 болж нэмэгджээ. 2020 оны 10 дугаар сард Энэтхэгт илэрсэн  "Дельта" омог долоо хоногийн дотор шинээр таван улсад бүртгэгдэж, тархсан улс орнуудын тоо 85-д хүрсэн байна. ДЭМБ-ын долоо хоног тутмын мэдээнд цохон тэмдэглэснээр, “Дельта” нь “Альфа”-гаас хамаагүй илүү халдвартай бөгөөд уг хувилбарын тархалт "одоогийн хурдцаар үргэлжилбэл" “SARS-CoV-2”-ын зонхилох хувилбар болно гэж таамаглаж байна. ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирусний хувьсал нь "өвчний явцыг хүндрүүлж", вирусний эсрэг эмчилгээний үр нөлөөг сулруулж болзошгүйг үгүйсгэхгүй байна. Үүний зэрэгцээ одоо байгаа вакцинууд “үр дүнтэй хэвээр байгаа бөгөөд өвчин хүндрэхээс хамгаалж байна” гэж тус байгууллага мэдэгдэв. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн улс орнуудын эрүүл мэнд, нийгмийн салбарт хэрэгжүүлж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд үр дүнтэй хэвээр байна.


Холбоотой мэдээ