АОК-ын дарга Д.Золжаргал ард иргэдэдээ уриалга хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-23 11:38:27

Архангай /МОНЦАМЭ/. Д.Золжаргал: Өнөөдөр улсын хэмжээнд нийт 98,050 тохиолдол бүртгэгдэж, үүнээс хамгийн их халдвар бүртгэгдсэн аймгаар 

1. Төв аймаг- 2403

2. Орхон аймаг-1835

3. Дархан-Уул аймаг- 1479

4. Баянхонгор аймаг- 1408

5. Говь-Алтай аймаг- 1227

6. Өвөрхангай аймаг- 1033 тохиолдол бүртгэгдээд байна. Манай аймгийн хувьд 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1060 тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд долоод жагсаж байгаа нь харамсалтай. Сүүлийн өдрүүдэд Архангай аймгийн хэмжээнд халдварын эрсдэл огцом нэмэгдэж, сүүлийн 14 хоногийн хугацаанд 586 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 47,8 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 35 кластер голомтод халдвар тархаад байгаа юм. 

Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, өөрийгөө болон хайртай гэр бүл, энхрий бяцхан үрсээ аюулт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхийг хувиасаа болон аймгийн Онцгой комиссын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс уриалж байна. 

Бид өмнө нь ийм нөхцөл байдалд ажиллаж, амьдарч байгаагүй хүндхэн цаг үетэй нүүр тулж байгаа хэдий ч жижиг дунд бизнес эрхлэгчид болон ард иргэдийнхээ эдийн засгийн нөхцөл байдлыг хүндрүүлэхгүй байх бүхий л талд анхааран ажиллахыг хичээж байна. Гэвч мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмж, тандалт судалгааг үндэслэн зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гарган, ард иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэн тухай бүр хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Иймээс иргэн бүр хариуцлагатай байж, аймаг сумдын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн, аюулт цар тахлыг хамтдаа даван туулахыг дахин дахин уриалж байгааг минь хүлээн авна уу. Коронавирусний халдварыг бууруулахад иргэдийн оролцоо нэн чухал байна.

Холбоотой мэдээ