Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг энэ оны есдүгээр сарын 8-10-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэ талаар 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах комиссын гишүүн Ж.Ичинхорлоо, Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн Б.Бямба-Оюун нар мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдлээр, Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдөр 12:00 цагт эхэлж, наймдугаар сарын 8-ны 12:00 цагт дуусна. 2019-2020 онд бүртгүүлж байсан иргэд ахин бүртгүүлэх шаарладгагүй бөгөөд зөвхөн шалгалтын хураамж болох 80 000 төгрөгийг төлж, бүртгэлээ идэвхижүүлнэ. Шинээр бүртгүүлэгч https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар бүртгүүлнэ. Мөн энэ жилийн сорилгын номыг ирэх сард худалдаанд гаргах ба Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс худалдан авах боломжтой.
Шинээр бүртгүүлэгчид Эрх зүй мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшиж төгссөнөөс хойш 24 сарын хугацаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11-д заасан Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох ажил албан тушаалд ажил эрхэлсэн байх шаардлага тавих аж. Шалгалт өгөх иргэд шалгалтанд орох өдөр бүртгэлийн хуудсаа хэвлэн авч ирэх шаардлагатай юм.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn, burtgel.mglbar.mn цахим хаягаар дэлгэрэнгүй танилцах боломжтой.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуулттай бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут байна. Харин бодлогын шалгалт Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй бодлогын шалгалтаар 150 минут үргэлжилнэ.
Сонирхуулахад, Монголын Хуульчдын холбоо нь Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 2020 оны шалгалтад 1340 хүн бүртгүүлснээс 297 нь тэнцсэн байна.