Сэлэнгэ аймгийн хэмжээнд нөхцөл байдал хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-25 18:21:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ковидын нөхцөл байдал хүндэрч байна. Аймгийн Онцгой комисс нөхцөл байдал хүндэрч болзошгүй үед авах урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг шуурхай, цаг алдалгүй хэрэгжүүлэн ажилласаар байгаа. Тухайлбал хоёрдугаар давлагаа бүртгэгдсэн 3-р сарын 29-ний өдрөөс хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт 130 орчим ортой энгийн болон эрчимт эмчилгээний Ковидын тасгийг дэлгэж, батлагдсан тохиолдлуудыг эмчлэн эдгэрүүлж байна.

Мөн Мандал суманд тохиолдлын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан тус сумын Нэгдсэн эмнэлгийг түшиглэсэн Ковидын тасгийг дэлгэсэн. Халдварын тоо олноор бүртгэгдэж эхэлсэн сүүлийн хоёр долоо хоногт ор хоногийн тоо дүүрч, ачаалал нэмэгдсээр байна. Иймд зарим сум тосгоны ЭМТ-үүдийг түшиглэсэн Ковидын тасаг дэлгэн ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Сайхан, Хэрх, Шаамар, Алтанбулаг мөн аймгийн төв Сүхбаатар суманд байрлах Ахмадын сувилал зэрэг газрын нийт 12 тасагт 376 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас маш хүнд хоёр, хүнд хоёр, хүндэвтэр 25 хүн эмчлүүлж байна. Дээрх батлагдсан тохиолдлын 30 орчим хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа аж.

Улмаар орон нутагт дэлгэсэн ор 1-2 хоногийн дотор дүүрч байгаа тул мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шийдвэрээр Шаамар сумын МСҮТ-ийн Дотуур байрыг “Ковидын тасаг” болгон ажиллуулж эхэллээ. Сүүлийн өдрийн мэдээгээр Шаамар сум дахь МСҮТ-ийн дэргэдэх Ковидын тасагт Цагааннуур ЭМТ-ийн дарга, их эмч А.Ганзориг, Зүүнбүрэн сумын ЭМТ-ийн дарга О.Халиун нараар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ажиллаж байна.

Холбоотой мэдээ