Нүүдлийн багийн төв ажиллуулна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-06-30 19:32:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд сум төрийн үйлчилгээг малчдад ойртуулах зорилгоор “Нүүдлийн багийн төв” ажиллуулахаар болжээ.

Тус сум 100 хүний багтаамжтай, 10х15 харьцаа бүхий асар худалдан авч, түүнийгээ багийн төвдөө барьж, жилд 1-2 удаа багийн төвдөө төрийн бүх үйлчилгээг үзүүлж байхаар болж байна.

Баг болгонд “Багийн төв” нэртэй эзэнгүй барилга байдаг бөгөөд түүнийг жилд 1-2 удаа л ашигладаг. Түүнийг харж хандах хүн байдаггүй учраас ихэнх нь эвдэрч, тоногдон хөрөнгө шамшигддаг бөгөөд сүүлийн жилүүдэд багууд ихэнхдээ БИНХ-аа сумын төвд хийдэг болсон тул  малчдад ихээхэн чирэгдэлтэй байгааг сумын Засаг дарга П.Бямбалхагва онцолсон.

Энэ нь бага зардлаар малчдадаа төрийн үйлчилгээг үзүүлж, малчдынхаа оролцоог хангах зөв санаа гэдгийг ч тэрээр мөн тэмдэглэн хэллээ.

Тус сум 4 багтай. Хамгийн хол байрлах баг нь Олдох баг, сумын төвөөс 55 км-т байдаг бол хамгийн ойр орших баг нь 25 км-т байдаг. Хуучин багийн төв байсан суурингууд эвдэрч, балгас болсон тул энэ суурингуудыг сэргээж, багийн төв шинээр барихад их хөрөнгө зарцуулах ба мөн л хамгаалалт байхгүйн улмаас эргээд эвдэрч сүйрэх магадлалтай. Тиймээс тус сум ийнхүү хямд зардлаар багийн төвийг ажиллуулж, төрийн үйлчилгээг малчдадаа хүргэх шинэлэг санааг хэрэгжүүлж эхэллээ. 

Холбоотой мэдээ