ТБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Одонтуяа, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн байгууллагууд олгосон тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр буюу Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тохиолдолд суурилсан төлбөрийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авахаар хуульчилсан. Харин Эрүүл мэндийн даатгалаас авсан санхүүжилтээ хэрхэн зарцуулах нь Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн жилийн төсөв хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах, төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох эрхтэй гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод, Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлтэйгөө үнэ тарифаа тохирсон бол хуулийн хүрээнд цалин нэмэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа.
Мөн ажлын багаас 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг олгосон эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь санхүүжилтийг нь өгч байна гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулахаар тогтсон.
Мөн хуралдаанаар, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны 42.1.1-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.